М.ЭНХБОЛД: Н.Энхбаяр намайг гүтгэж байна

М.ЭНХБОЛД: Н.Энхбаяр намайг гүтгэж байна

Өчигдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо УИХ-ын дарга асан М.Энхболдтой холбоотой зарим зүйлийг ярьсан. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банкны хувьчлалтай М.Энхболд холбоотой гэв. Н.Энхбаяр нэвтрүүлгийн үеэр “М.Энхболд өнөөдөр нэр муутай хэн ч биш болоод явж байна. Яахав УИХ-ын гишүүн хэвээрээ. Гэхдээ энэ олон муухай луйврын асуудлуудад хутгалдчихсан. Нэр нүүргүй болчихсон байна. Анх М.Энхболдод хэлж байсан. Худалдаа хөгжлийн банкийг хувьчлах асуудал яригдаж байх үед би Ерөнхийлөгч байсан. Мөнгө олох гээд байгаа юм бол заавал ийм булхай луйврын юм руу битгий орох гээд бай. Ийм будлиантай юм руу орж, энийг төлөөлж, зуучилж битгий гүйгээд бай, хэрэггүй гэж... Тэгээд миний үгэнд ороогүй.


М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа Худалдаа хөгжлийн банкийг Сахал Эрдэнэбилэгт авч өгөхөөр АНУ-д болсон НҮБ-ын чуулганд явахдаа дагуулж очоод Жеральд Металзынхантай уулзаж сахал Эрдэнэбилэгт энэ банкийг өгөөрэй гэж хэлэлцээр хийсэн байдаг. Би сүүлд нь мэдээд М.Энхболдоос асуусан. Яагаад чи тэгж байгаа юм бэ? Монгол Улсын Ерөнхий сайд ямар нэгэн компанийг төлөөлөөд банкны хувьчлалын тухай, банкийг зарах, зарахгүй тухай асуудлыг ярьж явж болох юм уу? гэж хэлж байсан" гэх зэргээр ярьсан юм.


Харин Н.Энхбаярын дээрх ярианд хариу өгч, М.Энхболд мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр С1 телевизийн "Эрдэнэтийн 49% хэмээх луйврын схем" нэвтрүүлэгт орох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгч байсан. Миний бие Н.Энхбаяр даргатай дээрх агуулгатай зүйлээр ярилцаж байсан удаа байхгүй, Худалдаа хөгжлийн банкинд нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй бөгөөд тус банкинд хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, Н.Энхбаярыг гүтгэлгээ залруулахыг хүссэн. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр С1 телевизийн “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт оролцож, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон ХХБ-ны хувьчлалыг намайг зохион байгуулсан мэтээр ярьж, ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ.

Иймд Н.Энхбаярын дээрх нэвтрүүлгүүдэд оролцох үедээ ярьсан зүйлсийн үнэн худлыг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандахаар боллоо" гэжээ.