Хэдхэн хоногийн өмнө зангиагаа зүүгээд гутлаа тослоод Авлигатай тэмцэх газарт очиж гэрчийн мэдүүлэг өгч байсан эрхэм бол Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 178 хуудас нотлох баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хүлээлгэн өгсөн. Прокурорын байгууллагаас уг бичиг баримтыг АТГ-т хүргүүлж шалгах боломжтой эсэхийг нягтлахыг хүссэн билээ. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Тавантолгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан.
Харин өчигдөр орой Эрүүгийн цагдаагийн албанаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийжээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд 1000 гаруй уран зураг байсан гэнэ. Үүний 30 гаруй нь дэлхийн болон монголын нэн ховор үнэт уран зураг байсан гэдэг мэдээллийг эх сурвалж өглөө.
Нэн ховор, үнэт уран зураг нь ямар замаар Ц.Элбэгдоржийн мэдэлд очсон. Үнэхээр шударгаар олж авсан эсэхийг нягтлах үүднээс Эрүүгийн цагдаагийн газраас зарим уран зургийг хураан авсан мэдээлэл байна.
Цагдаагийн газраас уг үйл явдлын талаар тодруулах гэсэн боловч товчхон ганц хариулалтыг өглөө. Ийм үйл явдал болсон нь "үнэн" гэхээс өөр тайлбар хийсэнгүй ээ.
Уран зураг судалдаг, уран зургийн талаарх мэдлэг мэдээлэлтэй хүмүүс олон таамаг дэвшүүлэн хэлэлцүүлдэг билээ. Тухайлбал Уран зургийн галерейн захирал асан А.Янжив гэгч нь өдөр тутмын "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 40 уран зургийн бүтээлээс ганц л ориг бусад нь хуулбар гэсэн байдаг.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өгөв. Тэрээр өрөөнд нь нигжлэг болоогүй. Ямар нэгэн байдлаар уран зураг хураасан зүйл байхгүй. Өөрийгөө уран зураг цуглуулдаг нэгэн биш хэмээн тайлбарлав.