С.БАЯРЦОГТ: Т.Аюурсайхан гишүүний яриад яваа бүхэн маш амархан үгүй гэдэг нь батлагдана

С.БАЯРЦОГТ: Т.Аюурсайхан гишүүний яриад яваа бүхэн маш амархан үгүй гэдэг нь батлагдана

Сангийн сайд асан С.Баярцогт өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн холбооны улсын талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор хөрөнгө нийт таван дансаар орж, гарсан гүйлгээний баримтыг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийг УИХ-ын даргын Швейцарьт хийсэн айлчлалын бүрэлдэхүүн авч ирсэн." гэж мэдэгдсэн. Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогт дараахь тайлбарыг өглөө. 

С.БАЯРЦОГТ: Сүүлийн хоёр гурав хоног УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн холбооны улсаас ирснийхээ дараа хийсэн мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийж байна. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас дэлгэрэнгүй тайлбар хийхгүй. Хоёр зүйлийг л онцлон тайлбарлая.

Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллага Швейцарийн холбооны улсын хуулийн байгууллагуудтай хамтарсан ажиллагааг нэг хүний гавьяа зүтгэл мэтээр тайлбарлаж, ойлгуулж байна. Нөгөө талдаа Швейцарийн холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголт төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах нөхцөл ажиглагдаж байгааг төр засагт олон жил ажилласан хүний хувьд харж байна.

Хоёрдугаарт, Т.Аюурсайхан гишүүн мэдээлэл хийхдээ Швейцариас мэдээлэл ирүүлэх тал дээр хэрэгт нэр холбогдсон хүмүүс аль болох ирүүлэхгүй байхаар ажиллаж байна гэсэн учраас баримтаар няцаах гэж сэтгүүлчид та бүхэнтэй уулзаж байна. 2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг гэх хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд, 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой хэргийг АТГ нээсэн юм. Тухайн үед Туяацэцэг гэдэг хуульч 9.2 сая ам.доллар "И ЭМ ЗИ" гэдэг банкнаас орсон байна, үүнийг шалгах ёстой гэсэн асуудлыг тавьсан юм байна лээ. Үүнтэй холбоотойгоор зарим нэг улстөрчдийн болон Швейцарийн зарим хувь хүний оролцоотойгоор тэндхийн хэвлэл мэдээлэл дээр гаргаад, Швейцарийн талд хандсан юм билээ.

Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарийн талд уг данстай холбоотой мэдээлэл болон холбогдох баримтуудыг Монголын талд өгөөч ээ гэсэн асуудлыг тавьсан. Швейцарийн холбооны улс болон Монгол Улсын хооронд харилцан туслалцах эрхзүйн гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ. Энэ албан тушаалын хэрэг байна, авлигын болон мөнгө угаасан хэрэг байж магадгүй гэсэн үндэслэлүүдийг тавьсан. Дээрээс нь хэвлэлээр их явсан учраас зохих ёсны дагуу Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн юм билээ. Тэр нь Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юу гэдэг хэрэг. Дараа нь холбогдох банкнуудаас материалуудыг нь аваад, мөн миний данс нээгдсэн байсан банкны хоёр менежерээс гэрчийн мэдүүлэг аваад, тэдгээр баримтуудаа бүгдийг нь цуглуулсан байсан. Тухайн үед би Швейцарьт өмгөөлөгч хөлсөлж авсан. Хамгийн сүүлд бүх материалуудыг нэгтгээд Монгол руу явуулах гэж байна гэсэн прокурорын санал 2018 оны арванхоёрдугаар сард гарсан. Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно гэсэн. Хэрэв тэгвэл Швейцарийн холбооны улсын эрүүгийн шүүх, дээд шүүх, давж заалдах шатны шүүхээр явна гэсэн. Тэгвэл дахиад хоёр жил үргэлжилнэ гэсэн. Энэ хооронд Монголд материал ирж ч болно, ирэхгүй ч байж магадгүй нөхцөл байдал үүссэн. Тухай бүрд би өмгөөлөгчтэйгөө холбогдож зөвлөлдөж байсан.


2017 онд Эрүүгийн шинэ хуулиар АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Ингээд би өөрт байсан бүх материалыг АТГ-т гаргаж өгсөн. Анх оффшор данс нээгдсэн, хаагдсан баримт,  дансны гүйлгээ зэргийг бүгдийг гаргаж өгсөн. Дараа нь, 2019 оны нэгдүгээр сард АТГ надаас өөр асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан. Тэгэхэд нь би хэлсэн. Манай өмгөөлөгч “Швейцарийн тал Монгол руу материал өгүүлэх гэж байгаа юм байна лээ. Үүний эсрэг эсэргүүцэл гаргах уу” гэхээр нь би “Эсэргүүцэл гаргах шаардлагагүй. Харин миний өгсөн материал, мэдүүлгийг баталгаажуулаад энэ хэрэг хурдан хаагдана. Надад ашигтай” гэдгийг хэлсэн.

Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийг одоо товчхон тайлбарлая. Дипломат шууданг тухайн улсын Элчин сайдын яамны консулын газар бүх дипломат шуудангаа боож лацдаад дипломат паспорттой хүнээр өгч явуулдаг. Шюейцарийн холбооны улсын прокурор болохоос ямар нэгэн банкнаас биш байхгүй юу. Банк бол хэнд ч, хэзээ ч материал өгөхгүй. Зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн улсынхаа шүүх, прокурорын байгууллагын хүсэлтээр материал гаргаж өгдөг. Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авчирч байхдаа нэгдүгээрт, задалж уншсан эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь "Энэ дотор Баярцогттой холбоотой дансны хуулга материалууд байгаа" гэж хэлсэн болов уу гэж би бодож байгаа.

Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн. Тэгэхдээ “Швейцарийн холбооны улсаас ирүүлэх гэж байгаа материалыг надад манай өмгөөлөгчөөр дамжуулан ирүүлсэн. Та нарт байгаа юу” гэсэн чинь “Байхгүй” гэсэн. АТГ-ынхан “Та үүнийгээ өгч болох уу” гэхээр нь “Болно. Миний ярьсан зүйлийг баталгаажуулж байгаа учраас энэ бүгдийг өгье” гээд өөрт байсан 700 гаруй хуудас материалаа өгсөн. Өгсөн бүх материал одоо энд бүрэн эхээрээ байна. 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас данс нээсэн болон гүйлгээ, хуулга, банкны менежерүүдийн мэдүүлэг 100 гаруй хуудас материал зэрэг нийт 700 гаруй хуудас материалыг Монгол руу явуулахаар болсон. Үүнийг би өөрөө нэгдүгээр сард АТГ-т сайн дураараа гаргаж өгсөн. Албан ёсоор УИХ-ын даргын айлчлалын үеэр ирсэн юм шиг байна.

Би 2018 оны долдугаар сарын 11-нд өмгөөлөгч хөлсөлж авсан. Энэ хэрэг дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхийн тулд 2017 оны аравдугаар сарын 16-нд Швейцарийн холбооны улсын прокурор хэрэг нээсэн байгаа юм. Наашаа явуулсан материалуудаа “Ийм ийм материалууд явууллаа шүү” гээд үзүүлсэн байгаа юм. Дансны холбогдолтой материал, дээрээс нь банкны хоёр менежерийг байцаасан материал, Монголын талд энэ материалуудыг өгье гэсэн шийдвэр нь 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд гарсан байгаа юм. Тэгэхээр Швейцарийн тал бол ямар ч материалыг шууд хүсэлт тавьсан улстөрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй ээ. Ямар хүмүүст өгөх вэ гэхээр тодорхой хууль хүчний байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад, дараа нь шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ бүх процесс жил гаруй үргэлжилсэн. Энэ хугацаанд АТГ, прокурорын байгууллага Швейцарийн талтай хамтарч ажилласан байх аа гэж бодож байна.

Дээрээс нь би АТГ-т өгсөн гэдгээ баталгаажуулж та бүхэнд и-мэйлээ харуулъя. Миний gmail хаяг байна. Балдорж гээд миний өмгөөлөгчөөс 49 мэйл ирсэн, мөн энэ хэрэгтэй холбоотой материалууд энэ байна гэдгийг АТГ ороод утсан дээрээсээ харуулсан. АТГ таны өмгөөлөгчийг байлцуулж байгаад хэвлэж авъя гэсэн. Тэгэхээр АТГ хоёр сар хагасын өмнө надаас энэ материалуудыг авсан гэсэн үг. /Компьютер дээрээс тодорхой и-мэйлүүдийг сэтгүүлчдэд үзүүлэв./ Манайхан байгаа материалуудаа гаргаж өгсөн ч надад итгээгүй. Дээрээс нь Швейцарийн холбооны улсаас ирсэн материалыг гаргаж өгсөн. Тэгсэн ч албан ёсоор АТГ, прокурорт ирээгүй учраас мэдээллүүд нь гарахгүй байсан юм. Азаар Т.Аюурсайхан гишүүн авч ирсэн юм шиг байна. Үүнд баяртай байгаа. АТГ, прокурор, Гадаад харилцааны яам энэ талаар албан ёсоор мэдээлэл хийх байх.

Дахин онцлоход Байгаль орчныг хамгаалах хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг, цэнхэр үстэй эмэгтэй хэн билээ тэдний гаргасан материал бүгд хуурамч гэдгийг Швейцарийн тал хэрэг үүсгээд шалгах явцдаа тогтоосон материалаа ирүүлсэн. Өөрөөр хэлбэл хуурамч материалаар хүнийг гүтгэж хэрэг үүсгэсэн байна. Тэгэхээр миний АТГ-т гаргаж өгсөн материал Швейцариас ирсэн материалтай бүрэн нийцэж, батлагдана. Тиймээс оффшортой холбоотой хэрэг удахгүй бүрэн дүүрэн шийдэгдэж, хаагдана гэдэгт итгэлтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн ямар ч асуудал байхгүй. АТГ, прокурорын байгууллага удахгүй эцэслэн гаргах байх. 

Үүний дараа сэтгүүлчид зарим асуултад хариулт авав.

-Таны нэр дээр долларын, еврогийн данснууд байгаа гэсэн. Ямар учиртай юм бэ?

-Дансны хувьд яагаад олон юм шиг харагдаад байгаа гэхээр, жишээ нь бид Хятад явах гэж байгаа бол төгрөгийн дансны хажуугаар юанийн данс нээдэг. Хэрэв Европ руу явах гэж байгаа бол еврогоор гүйлгээ хийх учраас еврогийн данс нээж таарна. Тэгэхээр данс олон юм шиг харагдаад байгаа юм. Хэрэгтэй холбоотой олон юм ярихгүй. Хамгийн гол нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд, бас УИХ-ын даргыгаа ч оролцуулж ирээд буруу мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийх хэрэгтэй. Гэхдээ хуулийн хүрээнд хийх хэрэгтэй.

-Т.Аюурсайхан гишүүний авч ирсэн гээд байгаа баримт нь таны үзүүлсэн баримттай яг ижилхэн үү?

-Яг л үүний нэг хувилбар нь.

-Тантай холбоотой оффшор дансны асуудлыг явуулахад Ц.Мөнх-Оргил гишүүн сайд байхдаа замаас нь албан бичгийг нь задлаад уншдаг байсан гэж Т.Аюурсайхан гишүүн ярьсан байна лээ?

-Тэгж ярьсан учраас би баталгаажуулж байгаа юм. 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд АТГ руу, хоёр сарын дараа прокурор Швейцарийн холбооны улс руу албан бичиг явуулсан. Швейцарийн холбооны улсад хоёр сар болсон юм билээ. Яагаад хоёр сар болсон бэ гэхээр материалыг нь герман хэл рүү орчуулсан юм байна лээ. Манай консул “Энэ дотор тийм материал байгаа шүү” гэж хэлснийг нь Т.Аюурсайхан гишүүн өөрөө их мэдээлэлтэй хүн болох гэж эсвэл өөрөө хөөцөлдөж ирсэн мэт харагдах гэсэн юм болов уу гэж бодож байгаа. Маш амархан үгүй гэдэг нь батлагдана.

-Энэ үйл явц хэзээнээс эхэлсэн бэ?

-Энэ дансыг 2013 онд хаагдсан. Би олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдэд энэ талаар тайлбараа өгсөн. “Таны нэр дээр оффшор данс байна гэсэн. Би Сангийн сайд болохоосоо өмнө энэ дансыг нээсэн байсан. Гэхдээ би ХОМ-тээ үүнийгээ бичээгүй байсан. Тиймээс би ёсзүйн хариуцлага хүлээж сайдын ажлаа өгсөн. Манай өмгөөлөгч энэ талаарх материал өгөх үү гэхэд зөвшөөрсөн. Энэ хэргийг хурдан шалгуулж хаалгамаар байна. Миний амьдралд бас хүндрэлтэй байна. Дахиад хоёр гурван жил сайн муу хэлүүлээд хүлээмээргүй байна. Тиймээс би өөрт байгаа бүх материалаа гаргаж өгсөн.