Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Ингэснээр тус үйлдвэрийн асуудлыг Засгийн газар 100 хувь мэдэж шийднэ гэсэн үг юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж, "Эрдэнэт" үйлдвэрийн нэр бүхий есөн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл энэ удаад тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг чөлөөлөх асуудал яригдаж эхэлсэн бололтой. Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг оруулна гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж, Х.Бадамсүрэн захирлын оронд очих хүний нэр ч тодорсон гэжээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ асуудал дээр хариулт өгч, "Одоогоор албан ёсны мэдээлэл байхгүй байна. Х.Бадамсүрэн дарга ажлаа хийж байгаа. Бүтцийн өөрчлөлт хийгээд нэг ч хүн томилоогүй" гэлээ.
Монголын эдийн засгийн ачааг гучаад жил үүрсэн "саалийн ганц үнээ" гэгддэг үйлдвэрийг тойрсон улс төр улам гаарна уу гэхээс буух шинжгүй бололтой.