Хустайн аманд гарсан ойн түймрийг онцгой байдлын алба хаагчид өчигдөр бүрэн унтраажээ. Нийт дөрвөн га талбай шатсан байна. Онцгой байдлын албаны мэдээлэл, шуурхай удирдлагын төвд энэ сарын 18-нд “Сонгинохайрхан дүүргийн нутаг “Хустайн ам” гэх газар түймэр гарч байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн 38 алба хаагч, долоон техниктэй ажиллаж, түймрийг цурманд оруулснаар өчигдөр 16.50 цагт галыг бүрэн унтраасан байна.
Мөн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр болох Дээндийн аманд бөөгийн ёс заншил үйлдэж байсан бөө нар хуурай өвсөнд гал алдсаныг Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид шуурхай арга хэмжээ авч галын тархалтыг зогсоож, унтраасан байна. Тухайн зан үйлийг үйлдэхдээ гал алдсан иргэдэд хуулийн хариуцлага тооцжээ.
Энэ өвөл цас бага орсон учраас хуурайшилт маш их байгаа. Тиймээс иргэд та бүхнийг ой, хээрийн түймрээс сэрэмжлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.
- Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх,
- Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх,
- Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
- Гэр хорооллын болон зуслангийн чиглэлийн айл өрхүүд хашаандаа өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.