900 сая ам долларын валютын нөөц бүрдүүлсэн алт олборлогч нар чуулж байна

900 сая ам долларын валютын нөөц бүрдүүлсэн алт олборлогч нар чуулж байна


Монгол улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай. Хэдийгээр хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ сүүлийн 20 гаруй жил Монгол улсын эдийн засгийн өсөлт бууралтын гол хүчин зүйл нь уул уурхайн салбар байж ирэв.

Монгол улсын алтны салбар 100 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй. Анх монгол улсын нутаг дэвсгэрт хятад худалдаачид алт олборлож байсан тухай хууч яриа, үүх түүх, баримт бичиг байдаг. Харин үүний дараа БНМАУ-ын үед ЗХУ-ын эрдэмтэн судлаачид хайгуул хийж, тодорхой орд газруудад алт олборлож байв.

1990 он хүртэл Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар алтны хайгуул, олборлолт явагдаж нэг үгээр хэлбэл нөөц ихтэй алтны шороон ордын өрмийг нь хамчихсан гэхэд болно. Харин үүний дараа алт хөтөлбөрийн шугамаар олборлолт хийгдэж, зарим газар нутагт нинжа нарын дураараа дургилт газар авч энэ салбар бүхэлдээ асуудалд орж байв. Үүнээс хойш алтны салбарыг тойрсон, бас дайрсан олон асуудал үүсч, мөн тодорхой шийдвэр, дэмжлэг ч гарсаар өнөөдрийг хүрчээ.

2000 оны дунд үед энэ салбарт мөн л аюулын харанга дэлдсэн нь 68% татвар гэгч байлаа. 2006 онд 68% татварыг уул уурхайн салбараас авч эхэлсэн нь буруу бодлого байсан гэдэг нь өнөөдөр эргэн харахад тоон статистик мэдээллээс харагддаг билээ. Тухайн үед алт олборлогч нар олсон хэдэн кг алтаа ар өврийн хаалгаар дамжуулан хил давуулан зарах хандлага энэ үед газар авч байсан тухай тус салбарынхан өнөөдөр ч ам уралдан ярьдаг. Эрдэнэт үйлдвэрээс авах ашгаа нэмэгдүүлэх гэсэн улс төрчдийн буруу үйлдэл эргээд уул уурхайн салбарт томоохон цохилт болон очиж байсан нь 68% татварын систем байсан билээ.

Та бүхний харж байгаа энэхүү график нь 1990 оноос 2016 он хүртэл Монгол банканд тушаасан алтны хэмжээ юм. 68% татвар гараагүй 2005 онд алт тушаалт 15 тонн болж байв. Гэтэл 2006 онд 68% татвар мөрдөгдөж эхэлсэн жилд 9 тонн болж буурчээ. Энэ бууралт жил бүр үргэлжилсээр 2010 онд дөнгөж 2 тонн алтыг Монгол банканд тушаасан тоо мэдээ бидний өмнө зурайж байна. Төрийн буруу шийдвэр эргээд хэрхэн эдийн засагт хор хохирол авчирдаг тухай гор ганцхан алтны салбар дээр ажиглагдаагүй юм. Уул уурхайн салбар бүхэлдээ 68% татварын өмнө сөхөрч, хөрөнгө оруулагч нар нүүр буруулж, олсон жаахан эдээ хууль бусаар хил давуулан зарах хандлага газар авч байлаа.

2006-2015 онуудад алт тушаасан аж ахуйн нэгж, иргэдийн давхардсан тоо

 

2010 оноос хойш алтны салбарт бага зэрэг сэргэлт бий болж эхэлсэн. Энэ нь 68% татварын системийг хүчингүй болгож, дахин хуулийг шинэчлэх алхам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. Үүний зэрэгцээ алтны зарим хөрөнгө оруулагч нар гарч, шинэ хөрөнгө оруулагч нар тус салбарт ажиллаж эхэлсэн юм. Тэр дундаа дотоодын аж ахуйн нэгжүүд уг салбарт хөрөнгө оруулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд анхаарч эхэлжээ.

2014 онд "Ашигт малтмалын тухай" хуульд өөрчлөлт оруулж алт олборлогч нар Монгол банканд алтаа тушаасан нөхцөлд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2,5%, нэмэлт төлбөрийн хэмжээг 0%-тай байхаар зааж өгсөн юм. Энэхүү хуулийн зөв зохицуулалтын ачаар 2013 онд 6 тонн байсан алтны хэмжээ 2014 онд 13 тонн болж нэмэгдсэн билээ. 2015 онд 15 тонн, 2016 онд 13 тонн, 2018 онд 28 тонн болон өсөөд байна.

Ийнхүү алтны салбарын өсөлт нь эргээд эдийн засагт маш том дэмжлэг болж эхэлсэн талаар алт олборлогч нар ярьж байна. Тухайлбал 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Mongolia gold -2019 алтны салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын нээсэн Алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Ганболд: Алтны салбар нь Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр шууд оруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд шууд үүрэг гүйцэтгэдэг билээ. 2018 онд 900 сая ам долларын бүтээгдэхүүнийг алт олборлогч нар тушааж, Монгол банкны валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна хэмээн онцлон ярив.

Ийнхүү татварын таатай нөхцөл, төр засгийн бодлогын дэмжлэгээр өсч эхэлсэн алтны салбар дахиад л хүлээлтийн байдалд шилжсэн тухай хөрөнгө оруулалтын чуулганы үед оролцогч нар онцолж байлаа. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яг энэ өдрүүдэд УИХ дээр яригдаж байна. Энэ 7 хоногт эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар яригдаж байгаа уг асуудлын улмаас Монгол банканд тушаах алтны хэмжээ буурч эхэлжээ. 2019 оны 01 болон 02 саруудад тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 орчим хувиар буурсан байна. Энэ нь алт олборлогч нарын хувьд хуулийн өөрчлөлтийг харах, татвар нэмэгдсэн нөхцөлд 10 жилийн өмнөх хууль бусаар хил давуулдаг системдээ орох гэсэн далд санааг өвөртөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Ийм нөхцөлийг бий болгох хуулийн зохицуулалт нь эргээд эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг өнгөрсөн удаагийн 68% татварын систем бидэнд бэлхэн харуулаад өгчихсөн билээ.

Монгол улсын хувьд алтны шороон ордтой. 2500 тонн алтны нөөцтэй гэж яригддаг. Гэхдээ 100 гаруй жилийн өмнөөс алт олборлож эхэлсэн. Өрөм нь хамагдаж, сүү нь дундарч, хусам нь үлдсэн салбар гэхэд хатуу хэлсэн болохгүй ээ. Өнөөдөр ихэнх алтны уурхайнууд 80 метрээс гүнд олборлолт явуулж байна. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт их шаардаж, тэр хэрээрээ зардал их, ашиг бага болсон гэсэн үг.

Иймд тус салбарт технологийн дэвшил, олборлолтын шинэ шийдэл зэргийг нэвтрүүлэх шаардлага тулгарч байгаа тухай "Mongolia gold-2019" хөрөнгө оруулалтын чуулганд оролцогч нар ярьж байлаа. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгч зүйр үг байдаг. Иймд алтны салбарынхан амь нэгтэй байж, асуудлаа хамтдаа шийдэж, бэрхшээлээ хамтдаа туулах тухай ч хөндөгдөж байна. Учир нь тус салбарт саяхан томоохон осол болж 4 хүний амь нас эндсэн билээ. Иймээс аж ахуйн нэгж бүр хариуцлагатай байж, уул уурхайн стандартыг ягштал мөрдөх шаардлага тулгарч байна. Энэ өдрүүдэд Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниудад мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаалаар томоохон шалгалтыг эхлүүлжээ. Энэхүү шалгалтыг алт олборлогч нар дэмжиж, алдаагаа засч, ололтоо зөв ойлгуулах боломж хэмээн харж байгаа гэдгээ ч ярьж байна.

Мөн "Mongolia gold-2019" хөрөнгө оруулалтын чуулганд оролцогч нарын хүсч байгаа нэг зүйл нь УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт юм. Уг өөрчлөлтөөр алтны салбараас авдаг татварын тогтолцоог сайжруулахгүй бол битгий муудуулаарай. Ядаж хэвээр нь хадгалж үлдэх нь эргээд энэ салбарын өсөлт, хөгжилд нэмэртэй. Мөн алтны салбарын хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх сайн талтай гэдгийг хэллээ.

Дашрамд сонирхуулахад алтны салбарынхан нь Ашигт малтмалын нөөц ашигласны 2,5% татвар төлөхөөс гадна Нийгмийн даатгалын шимтэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, орон нутгийн татвар гэх мэтээр олон төрлийн татварыг төлдөг. Мөн үйл ажиллагааных нь зардлын 40 орчим хувь нь түлш, шатахуунд зарцуулагдаг байна. Мөн ажилтан, албан хаагчид нь хамгийн өндөр цалин хангамжтай гэдгийг хөрөнгө оруулалтын чуулганы үед онцолж байлаа.

Б.Ууганбаяр