Хоёр сарын дотор 56 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Хоёр сарын дотор 56 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Тээврийн цагдаагийн газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тээврийн цагдаагийн газрын дарга Д.Амарсайхан хэлэхдээ: Манай улсад өнөөдрийн байдлаар 960 мянган орчим тээврийн хэрэгсэл, нэг сая орчим жолооч 12 мянган километр хатуу хучилттай авто зам байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд 972 алба хаагч ажиллаж байгаагаас 427 нь нийслэл хотод хяналт тавьж байна гэв. Мөн нийслэлийн хэмжээнд өдөрт 400 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Хотод хоногт 410 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 117 цэг дээр хяналт тавьж байгаа бөгөөд цаашид 213 цэгт хяналт тавих шаардлагатай байгаа гэлээ. 


2019 оны эхний хоёр сарын байдлаар Тээврийн цагдаагийн албанд 11479 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс 4265 хэргийг шалгаж шийдвэрлэсэн байна. Он гарсаар зам тээврийн ослоор 56 хүн амиа алдаж, 165 хүн гэмтсэн гэдэг албан ёсны тоо баримтыг хэллээ. Осол хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулбал 29.1 хувиар буурсан дүн гарчээ. Орон нутагт замд яваа жолооч нар анхаарал болгоомжгүй яваагаас 47 хүн орон нутагт нас барсан байна.

Мөн ЦЕГ-ын дэд даргын жолооч осол гаргаж, хүн нас барсан хэргийн талаар "Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа осол гаргаж хүний амь нас хохироосон хэрэг гарсан. Дуудлага гарсан даруйд алба хаагчид шуурхай ажилласан. Уг хэргийг Мөрдөн байцаах албаны тусгай субъект шалгаж байгаа" гэдгийг мэдээллийг өглөө.