Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс 2017-2018 онд 100 гаруй аж ахуйн нэгж авсан байдаг билээ. Уг зээл нь жилийн 3% хүүтэй, 5 жилийн хугацаатай байдаг. Энэхүү зээлийн нөхцөл нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
Гэтэл тус зээлийн сангаас өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн зэрэг хүмүүс ижил тэгш хэмжээтэй авсан нь өнөөдөр онцлох асуудал болчихоод байгаа билээ. Тухайлбал УИХ-ын гишүүдийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгжүүд 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. УГ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн билээ.
Одоогийн байдлаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх хэрэгт 60 орчим хүнийг шалгаж байгаа юм байна. Эдгээрийн заримд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тухайлбал УИХ-ын 5 гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн ялагчаар татсан гэдгийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдэж байна. Эдгээр 5 гишүүн нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгжээр дамжуулан зээл авахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг нь тодорхой болсон гэдгийг Авлигатай тэмцэх газрын зүгээс мэдэгдэж байна.
Албан бус эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр бол Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын 40 гаруй гишүүн байгаа гэнэ. Эдгээр гишүүдийн 10 орчим нь албан тушаалаа урвуулан зээл авсан байх магадлалтай. Ялангуяа шалгарах боломжгүй аж ахуйн нэгжид зээл олгохоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн удирдлагыг шахсан, нөлөөлсөн байж болзошгүй гэв. Хэрэв энэ нь батлагдсан нөхцөлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.
Одоогийн байдлаар өнгөрсөн намрын чуулганаар бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх хүсэлтийг прокуророос оруулж ирсэн 5 гишүүний асуудлыг үргэлжлүүлэн шалгаж, эрүүгийн хэрэгт буруутгаад байгаа гэнэ. Удахгүй уг хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгуулагад шилжүүлэх юм.