Ерөнхийлөгчид "ҮГҮЙ" гэж хэлсэн Ерөнхий сайдын үйлдэл

Ерөнхийлөгчид "ҮГҮЙ" гэж хэлсэн Ерөнхий сайдын үйлдэл

Монгол Улсын Их хурлын ээлжит бус чуулган өнгөрсөн 7 хоногийн Даваа гарагт эхэлсэн билээ. Харин өнөөдөр үдээс хойш ээлжит бус чуулганы хаах тухай зарлал гараад байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлав.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан дээрх хоёр хуулийн араас чамгүй хэл ам, хэрүүл тэмцэл татлах шинжтэй байна. Тухайлбал Татварын тухай хуулийн зарим зүйл заалт нь хэт их эрх мэдлийг татварын байцаагч нарт өгсөн. Захиргааны хэргийн шүүхийн эрх мэдлээс булаасан зүйл заалт орсон байна. Нөгөө талдаа татвар төлөгчдийн эрх ашгийг хохироосон, татварыг авахын тулд хэтэрхий шахалт бүхий заалт оруулсан гэх шүүмжлэл дагуулж байгаа. Ийм шүүмжлэлийг бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хэлчихсэн билээ. Тус тэнхимийн Ерөнхийлөгч Амартүвшин энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Иймээс уг хууль шууд хэрэгжихэд эргэлзээтэй юм.

Нөгөө талд нь Ашигт малтмалын тухай хууль. Уг хуульд орсон алтны татварын тухай нэмэлт өөрчлөлт нь мөн л асуудлыг дагуулна. Алт олборлогч нарын хувьд татвараа 2,5% байлгах сонирхолтой байсан. Харин засгийн газар, УИХ-ын зүгээс 5% байна гэчихлээ. Иймд алтныхан Ерөнхийлөгчид хандах, эсвэл алт тушаалтаа бууруулах гэсэн хоёр сонголтыг хийж эхлэх бололтой. Өнгөрсөн 2018 онд алтны тушаалт 28 орчим тонн болсон. Харин татварын өндөр хуулийн тогтолцоотой байхад энэ тоо 5 тонн болж байжээ. Иймд энэ асуудал зүгээр нэг өнгөрчихгүй.

Ийнхүү дээрх хуулийг баталсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой байсан гол хүлээлтийн сэдэв бол Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогчийг өөрчлөх асуудал байв. Энэ хүсэлтийг гаргаж байгаа эрхэм бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Түүний хувьд уг хүсэлтийг гаргахдаа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах талаар зөвшилцөх бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглаж байсан.

Харамсалтай нь энэ удаагийн ээлжит бус чуулганы хэлэлцэх сэдэвт АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, шинээр томилох тухай асуудал орсонгүй. Мөн УЕП-ын орлогчыг өөрчлөх талаар ч дурдсангүй.

Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Улсын Ерөнхий прокурорын орлогчийг чөлөөлж, шинээр А.Цэрэнсодном гэгчийг томилох хүсэлтэй гэдгээ илэрхийлж, УИХ-ын дарга Г.Занданшатарт хандсан билээ. Харин УИХ-ын дарга боловсон байдлаар "ҮГҮЙ"  гэж хэлчихлээ. Түүний хэлсэн үг, үйлдэл нь цаад утгаараа МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг гэхэд хол зөрөхгүй болов уу. Учир нь У.Хүрэлсүхийн хамгийн ойр нөхөрлөх найз нарынх нь нэг бол УИХ-ын дарга Г.Занданшатар.

МАН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн халаасанд УИХ-ын дарга Г.Занданшатар, мөн 64 УИХ-ын гишүүн байна. Ийм нөхцөлд хууль, хяналтын байгууллагын удирдлагыг зүгээр л найр тавиад Ерөнхийлөгч Х.Баттулгад өгч чадахгүй. Харин ч өөрийнхөө хүссэн хүнийг уг суудалд тухлуулахыг бодох нь гарцаагүй юм. Иймээс л Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын нөхөрлөл энд хүрээд хоёр тийш салж байх шиг байна.

Улс төрд найзлах гэсэн тэдний нөхөрлөл салах нь цаг хугацааны л хэмжүүр байсан нь гарцаагүй. Өнөөдөр биш юм гэхэд маргааш, холдоо 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ хоёр эрхэм нэг нэгнээ буланд шахаж эхлэх байлаа. Харин тэдний нөхөрлөл түмэн олны таамаглаж байсанаас эрт хоёр тийш салж байх шиг байна.

Салах болсон хамгийн том шалтгаан нь мэдээж хэрэг улс төрчдийн зэвсэг болчихсон гэж хардлага төрүүлэх болсон Авлигатай тэмцэх газар, Прокурорын газар хоёрын удирдлагыг хэн нь авах вэ? гэдэг тэмцэл юм. Нэр дэвшүүлэх эрх нь Ерөнхийлөгч Х.Баттулгад байна. Харин томилох эрх мэдэл нь УИХ-д байна. УИХ-ын гишүүд болон дарга нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрх мэдэлд байна. Иймд одоо байгаа хууль хүчний байгууллагын удирдлагыг солих эсэх асуудлыг зөвшилцөл нэрийн дор тохиролцоогоор л хийхээс өөр гарч Х.Баттулга, У.Хүрэлсүх нарт үлдсэнгүй. Тэд энэ удаад дахин гар барьж, асуудлаа шийдэх үү? эсвэл энэ чигээрээ хоёр тийшээ салаад явах уу гэдгийг харах л үлдлээ.