Буруу талдаа үрүүлтэй машиныг хэрэглээнээс хасна

Буруу талдаа үрүүлтэй машиныг хэрэглээнээс хасна

Буруу үрүүлтэй машины асуудлыг өмнө нь Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл хөндөн ярьж байв. Тэр үед нийгмийн эсэргүүцэлтэй тулгарч уг асуудал намжиж байлаа. Харин энэ удаад уг асуудлыг засгийн газрын түвшинд яриад эхэлжээ. Иргэдийнхээ амьдралыг бодохгүй хэдхэн компаний лоббинд орж энэ асуудлыг улс төрчид дахин дахин гаргаж байгаа бололтой. Өнөөдөр нийт иргэдийн дийлэнх нь буруу талдаа үрүүлтэй авто машин жолоодож байна. Ийм байхад л заавал энэ хязгаарлалтыг хийнэ гэж шахаж байгаагийн цаана зөв талдаа үрүүлтэй авто машин оруулж ирдэг аж ахуйн нэгжийн эрх ашиг явж байгаа нь нэгэнт ил юм. Засгийн газраас дараах шийдвэрийг гаргаад байна. 

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв.

Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм.

Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.  

Энэ удаагийн шийдвэрийн нэг давуу тал нь шууд хориглохгүй. Аажим аажмаар буруу талдаа үрүүлтэй авто машины хэрэглээг хязгаарлах талруу явна гэсэн амлалтыг холбогдох яамнаас өгч байна. Шийдвэр гаргахдаа энэ амлалтаа мартахгүй байгаасай л гэж хүсэх байна даа.