2017 онд сөхөж эхэлсэн Ц.Нямдоржийн С.Зориг агсны хэргийн талаарх яриа хууль өөрчлүүллээ

2017 онд сөхөж эхэлсэн Ц.Нямдоржийн С.Зориг агсны хэргийн талаарх яриа хууль өөрчлүүллээ

2017 оны 03 сарын 31 өдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэгэн хэргийн талаар мэдээлэл хийж байлаа. Тухайн үед С.Зориг агсны хэргийн шүүх хурал дуусч, хэрэгт холбогдсон хүмүүс ялаа эдэлж эхлээд байв. Харин энэ хэргийг хилс хэрэг байсан. Уг хэрэгт холбогдсон зарим этгээд нь хохирчихоод байна хэмээн тухайн үеийн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдэж, уг асуудлыг эцсийг хүртэл явах болно гэж мэдэгдэж байсан билээ. Чухам юу болов. Эргэн саная. 

2017 оны 03 сарын 31 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: “Энэ хэрэгт холбогдож, голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2007 онд найзаа зодож, цагдаад шалгагдаж эхэлжээ. Үүнээс хойш дөрвөн хүний амийг би хохироосон гэж худал мэдүүлэг өгсөн. Нэг хэрэгт холбогдуулж, өөр хүнийг гүтгэж, жил гаруй хугацаанд хилсээр хоригдож байгаад холбогдолгүй болж, суллагдсан байх юм. Эхнийх нь Өлзийсайхан гэдэг хүний амийг Эрдэнэбаатар хөнөөсөн гэж хоригдож байхдаа мэдүүлсэн байна. Энэ мэдүүлэгт үндэслэн Эрдэнэбаатар гэдэг хүнийг жил гаруй хугацаанд мөрдсөн байна. Гэтэл сүүлд нь өөрөө хийсэн гэдэг нь батлагдаад хэрэг хийсэн болон хэргийн эд зүйл нуусан газраа зааж өгч, хэргээ хүлээгээд 2009 онд цаазаар авах ял шийтгүүлсэн байна. Ингээд цаазаар явах ял шийтгүүлтэл уучлаад 25 жил болгон, эцэст нь таслуулсан байгаа юм. Ингэж хоригдож байхдаа би Ганбат гэдэг хүний амийг хөнөөсөн гэж мэдүүлэн, "Та нар надад эргэлт оруулж, хүүхэнтэй уулзуул. Би Ганбатын амийг хөнөөсөн. Самарт явж байхдаа ганц юм хувааж уугаад маргалдаад, зүрхэн тус газарт нь хутгалаад нуусан" гэжээ. Цагдаа нар шалгасан чинь "Өмгөөлөгчтэй уулзуул, намайг дарамталсан" гэх мэтээр зайлсхийгээд байсан гэдэг. Сүүлд нь Ц.Амгаланбаатарын мэдүүлэг хэрэг явдлаас зөрсөн тул шалгалтыг түдгэлзүүлсэн юм билээ. Ингэж энэ хэргийг хуурамчаар хүлээж, баахан бужигнуулсан байгаа юм. Түрүүчийн дурддаг Эрдэнэбаатар гэдэг хүн Ц.Амгаланбаатартай найзалдаг байсан цорын ганц найз нь, хойд гудамжинд байдаг байсан залуу. Ц.Амгаланбаатар гэдэг хүн бол худлаа ярьдаг хүн. Ц.Амгаланбаатар хойд эцгийнхээ хамаатнуудыг гүтгэчихсэн. Мөн Ц.Амгаланбаатар нь Архангай аймагт хоригдож байхдаа иргэн Г, Т, М гэсэн гурван хүний аминд хүрсэн гэх зүйл яриад энийг нь Эрүүгийн цагдаа нар шалгаж, бас холбогдолгүй гэдгийг нь тогтоосон байдаг.  Ингээд 2014 оны гуравдугаар сараас Б.Содномдаржаа руу, долоодугаар сараас хойш Чимгээ рүү тодорхой гар утаснуудаас мессеж бичиж эхэлжээ.Бас нэг зүйл нь,  Ц.Амгаланбаатар 2015 оны тавдугаар сарын 13-нд нас барсан хүний цогцсыг Т.Чимгээгийн хашаанд хаясан байсан. Тэр нь нас бараад зургаан сараас нэг жилийн хугацаа өнгөрсөн гэж шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ дагуу цагдаа нар Т.Чимгээгийн охин Өнөрцэцэгийг авч явж, цагдаагийнхан тайлбар авсан. Тэгэхэд охин нь "Ц.Амгаланбаатар ээж рүү маань хэргээ хүлээ" гэж мессиж бичээд байна гэдгийг хэлсэн байгаа юм. Ц.Амгаланбаатар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу аймшигтай мессеж бичсэн байдаг. "9598... гэсэн дугаараас ямар хүн алснаа мэдэж байна уу. Жаагий та хэд том хүн нухснаа мэдэж байна уу. Чи Жаагий хоёр алаа биз дээ. Жаагий гэж Б.Содномдаржааг хэлж байгаа юм. Намайг эргэж ирээд таван сая төгрөг надад өг. Өгөхгүй бол хэргийг чинь гаргалаа. Та хоёр том хүн алчихаад санахгүй байна уу. Шаазан баарны үйлдвэрийн байрыг санахгүй байна уу. Та нар дээшээ ороо биз дээ. Чи Жаагий, Паартай ороо биз дээ. Паар гэж шатаж нас барсан хүнийг хэлж байгаа юм. Би орцонд та нарыг хараад байж байсан биз дээ. Чимгээ чи болсон хэргээ хэлэхгүй бол Дөлгөөнөөг чинь ална шүү" гэжээ. Дөлгөөн нь Чимгээгийн хүү. Энэ мэт бичсэн юм нь аймшигтай гэж жигтэйхэн. Нийт 102 мессеж явуулсан байх юм. Мөн 2015 тавдугаар сарын 13-ны цогцос хаядаг өдөр нь бас Б.Содномдаржаагаас цагдаа нар тайлбар авч байгаа юм. Яагаад ч өдөр нь тэгж таардаг юм. Энэ үеэр Б.Содномдаржаа ирсэн мессежийг цагдаа нар үзүүлсэн байдаг. "Зааны тугал та хоёр С.Зоригийг алсан. Бүгдийг чинь самарна аа гэж бичсэн байна.  Зааны тугал гэдэг нь тэр үеийн цагдаагийн дэд хурандаа байсан хүн. Чи С.Зоригийг яах гэж алсан бэ. Зоригийг алсан хэрэг, шатаасан хэрэгтэй чинь нийлүүлээд дэлгэнэ. С.Зоригийг алсан хутга чинь надад байгаа шүү. Олон жил нуусан нь миний буруу юу. Паарыг эрүүлээр нь шатааж алаа биз дээ чи. Гараад ир. Паарыг алсан шиг чинь шатааж ална аа. Паарыг алсаныг чинь гэрчлэх хүн байгаа шүү. Дөрвөн хүний аминд хүрсэн хэрэгт хамт унана аа” гэх мэт мессеж илгээсэн байна.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэхүү мэдээллийг хийсэнээс хойш 7 сарын дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшив. Түүний хувьд Хууль зүй дотоод хэргийн сайд болох нэг шалтгаан нь С.Зориг агсны хэрэг байсан байж болзошгүй. Энэ тухайгаа ч нэр дэвшсэн үедээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд мэдэгдэж байсан юм.

-С.Зориг агсны амь нас алдсан хэргийн талаар би байдаг бүх юмаа ярьсан. Хуулийнханд захидал бичиж үзсэн. Миний ярьсан тэр зүйл дотор худлаа юм байдаггүй учраас ямар ч тоймтой хариулт өгөхгүй зувчуулаад л байгаа. Би оччихоод/Хууль зүй дотоод хэргийн сайд болчихоод/  энэ хэргийнх нь нууцлалыг ил гаргах арга хэмжээ авна гэж бодож байгаа шүү.

Нэгдүгээрт, УИХ-д санал оруулж ирнэ. Засгийн газар санал УИХ-д оруулж ирээд нууцлалаас гаргадаг хуультай. Яг тэр хуулийнх нь дагуу хандана гэж бодож байгаа. 

Хоёрдугаарт, Ажлын хэсгийг өөрчлөх ёстой гэж би үзэж байгаа. Одоо байтугай социализмын үед ийм хүн амины хэргийг зааланд ард түмэн цуглуулж байгаад ил хийдэг байсан юм. Би тэр үеийн арван жил хэрэг уншсан прокурор хүн. Энэ зүгээр л хүн амины хэрэг. Одоо шийдэгдсэн зүйл анги нь болбол.

Энийг ингэж төр ард түмнээс нуух ямар ч шаардлага, надад жишээ нь харагдахгүй байгаа. Үнэхээр үйлдчихсэн юм бол баримттай нь гаргаж ирээд олны өмнө шүүх хурлаа хийгээд “За ийм, ийм баримтаар энэ хүмүүс амь насанд нь халдсан гэдэг нь тогтоогдсон юм” гэдгээ хэлэхэд хуулийнхан юунаас нь айгаад байгаа гэдгийг нь ердөөсөө ойлгохгүй байгаа. Эхний арга хэмжээ бол Ажлын хэсгийг солих. Хоёрдугаарт нууцлалаас  гаргах асуудлыг оруулж ирнэ.

Захиалагч байхгүй атал захиалгаар алсан гэж шийтгээд байгаа хүмүүсийг. Би захиалагчаа нэн хурдан зарлахыг шаардана. Яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр Тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг энэ дээр ажиллаж байгаа.  Энэ хоёр байгууллага Засгийн газрын харьяа байгууллага учраас энэ зүйлийг хэлж байгаа юм. Хуучин ч би хэлж байсан.

Гэхдээ би гишүүдэд зовлонгоо ярихгүй бол болохгүй.

Эхнээсээ “Ц.Нямцорж оччихвол бүх юмыг сайхан болгочихно” гэж худдлаа хэлж, хүн хуурсны оронд зовлонгоо үнэнээр нь ярьсан дээр.

Одоогийн энэ Ерөнхий шүүгч, одоогийн энэ Ерөнхий прокурор байгаа цагт ер нь хэцүү шүү. Ялангуяа энэ С.Зориг агсны амь насаа алдсан хэргийг шийдвэрлэсэн байдал дээр. Энэ Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, бүх шүүгчдийн хурлаар ийм хэргийг оруулдаг эрхтэй юм л даа. Тэгсэн чинь Дээд шүүхийн Ерөнхий шүүгч  сая өөрөө шийдвэр гаргаад өөрөө хурал даргалаад тэр  эсэргүүцэл бичих замыг нь хаагаад хаячихаж байгаа юм. Ийм юм байгаа учраас би тэр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг явах ёстой гэж үзэж байгаа. Гай болж суусан дор бол. Ийм хүмүүс байгаа цагт бас хэцүү шүү. Энийг бид ойлгох ёстой байгаа юм.

Ерөнхийлөгч ерөнхийдөө миний санааг ойлгосон

-Муухай, муухай хуйвалдаанууд явагдаж байж энэ хэрэг таслагдсан даа. Ер нь бол ийм дуулиантай хэргийг хүчээр шийдвэрлүүлдэг. Дараа нь албан тушаал ахиулдаг явдал хүртэл энэ хуулийн системд буй болсон шүү дээ. Энэ замбараагүй явдлыг таслан зогсоох ёстой гэж бодож байгаа. Чадал хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ хүргэх гэж оролдоно.

Энэ хэргийн асуудал дээр би хуулийнхантай бараг хоёр жил ярьж байгаа. Хүний ёсоор ярьж байгаа шүү. Эд нарын энэ ажилд оролцохгүй гэдгээ би мэднэ л дээ. Би нууц захидал хүртэл явуулж үзсэн. Алдаа гаргасан байх магадлал маш өндөр байна шүү гэж. Би Булганыг хоригдож байх үед "Миний бодол буруу байж магадгүй" гэж боддог үе надад байсан. Гэтэл бүтэн жил хорьчихоод гэрч ч биш. Хохирогч ч биш болгож хаяад шүүх хуралд оролцохгүй хаагаад хэн ч биш болгоод хаячихаар нь би тэр захидлыг бичсэн юм. Ийм байж болохгүй шүү дээ. Булган гэдэг хүн Монгол Улсын иргэн мөн биз дээ. Тэр хүний хэлсэн зураг гэдэг юмаар хүн шийтгэсэн.

Шүүх хурал дээр тэр зургийг нь зуруулсан хүнийг оруулж ирж  гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэхээ шийдэх ёстой, тэр байхгүй.

Сая би Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа орж уулзсан. Би ганцхан зүйл хүссэн. Энэ хэргийг ил болгох шаардлагатай байна, Энэ ер нь хачин юм болж байна гэж хэлсэн. Ерөнхийлөгч ерөнхийдөө миний санааг ойлгосон.

Нуух цаг чинь дууслаа

-Тэгээд Дээд шүүх хурал хийхдээ эхэлж ил зарлаж хаячихаад  хурал эхлэнгүүт хаагаад хаячихаж байгаа юм. Энийг их том завхрал гэж ойлгож байгаа шүү. Би энэ захиалагчийг зарла гэсэн шаардлагыг очсон өдрөө тавина Тэгээд харъя гэж бодож байгаа. Одоо болно нуух цаг чинь дууслаа. 

Ийнхүү мэдэгдэж байсан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлаа авсан даруйдаа Цагдаагийн газрын удирдлагатай уулзаж С.Зориг агсны хэргийг Тагнуул биш Цагдаа шалгах ёстой хэмээн мэдэгдэж байлаа. Энэ үйл явдал нь 2017 оны 10 сарын 24 өдөр өрнөж байлаа. 

Ц.Нямдорж: энэ тухайд “Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Цаашдаа цагдаагийн мэргэжлийн албад энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Нарийндаа бол энэ тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг шүү дээ. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг биз дээ. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав.Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Яагаад Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчхоод гэрч ч биш, хохирогч ч биш болгочхож байгаа юм. Яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Тэгсэн мөртөө Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байдаг. Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм.Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийн цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Одоо энэ хүн амины хэргийг улсаас нуух шалтгаан байхгүй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна.Эхэлж захиалагчийг нь олж тогтоогоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Энгийн логик биз дээ"

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлаа авахын өмнө С.Зориг агсны захиалагч тодорхой болсон бол зарлуулах болно хэмээн мэдэгдэж байв. Гэвч 2018 оны 10 сарын 04 өдөр хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ энэ тухай дурдсан байдаг. Захиалагчийн нэрийг мэдсэн ч хууль хяналтын байгууллагынхан зарлахгүй байна хэмээн ярьж байв. 

Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн захиалагчийг зарла гэж Цагдаагийнханд ажлаа авсны дараа хэлж байсан. Одоо хүртэл тэр ажлыг хийлгэхгүй байна. Тэр хянадаг газар нь. Миний тэр үед бодож байсан бодол улам лавширч байгаа. Сая Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат хэвлэлийнхэнд ярьсан байна лээ. Шийтгүүлсэн гурван хүн бол алуурчин биш ээ гэдгийг Булган мэдүүлэгтээ өгсөн байна. Явж, явж Булган хуулийнханд ашиггүй мэдүүлэг өгсөн учраас холдуулахын тулд шүүх хуралд оролцуулаагүй юм байна лээ. Цорын ганц гэрчийг шүүх хуралд оруулахгүйгээр тэр хүний хэлсэн үг зургаар гурван хүнд ял өгсөн байгаа юм. С.Зоригийн хэргийг дахин шалгуулах шаардлага, өргөдөл ирж байгаа. Прокуророос шалгах чиглэл ч өгсөн. Тэр захиалагч гээд байгаа хүнийг бол Амгаланбаатар мөрдөн байцаалтын шатанд ч, шүүх хурал дээр ч хэлсэн юм билээ. Шүүхийнхэн өөрсдөө захиалагчийг ч мэдэж байгаа. Захиалагчийг нэрлэсээр байтал шалгалгүй, байцаалгүйгээр шүүх хурал хийгээд гурван хүнд хорих ял өгчихөж байна.Хэрэг хийгээгүй бол монгол хүнийг хэлмэгдүүлмээргүй байна. Үнэхээр хэрэг хийсэн бол нотлох баримттай нь нийтийн дунд ил шийтгээд Ц.Нямдорж буруу ярьж байна гэдгийг нотлох баримттай нь хэлцгээхгүй юү. Ярихгүй байгаа шүү дээ. Хэргийг нууцаас гаргаж, прокурорын архивт шилжүүлсэн шүү дээ. Засгийн газраар хоёр ч удаа хэлэлцэж байж, нууцаас гаргах шийдвэр гаргаад прокурорын архивт аваачаад тавьчихсан байгаа. Энэ асуудлаар ярьсан хүн болгоныг дарамтлах ажиллагааг өнөөдрийг хүртэл хийж байгаа.

Ийнхүү 2017 оны 03 сарын 31 өдөр хэвлэлийн бага хурал зарлаж С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл өгч байсан Ц.Нямдорж гэдэг хүний яриа хөвөрсөөр өнөөдөр хүрэв. 2019 оны 03 сарын 21 өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржын хувьд С.Зориг агсны хөнөөсөн хэрэгт буруутгагдсан хоёр иргэн нь хилс хэрэгт гүтгэгджээ хэмээв. Энэхүү мэдээллийн дараа олон хүн гайхсан, бас цочирдсон билээ. 

Ц.Нямдорж С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан.  Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл тагнуулаас тавигдаад энэ бүхнийг зохион байгуулсан нэг хүн хоригдсон. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байдаг юм. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан.Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа.Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би уучлал гуйж байгаагүй хүн шүү. Ахиж монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигт юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгаад мэдсэн учраас хэд хэдэн хэрэг үүсгэсэн.Захиалагчийг олох нь битгий хэд бүр замхаруулсан байна билээ. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү. Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад нас барсан эмэгтэйн ар гэрийнхэнтэй хуулийнхан уулзсан. Би уулз гэсэн юм. Одоо ойлголцсон байх. С.Зоригийг амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа. АТГ ч учир зүйг нь олох гэж дэмжиж байгаа. Би мөрдөн байцаах ажил эрхэлж, прокурорт ажиллаж, цаазын ялтай хүний сүүлийн мөчид нь ч уулзаж зөндөө л юм үзсэн. Гэтэл үүн шиг аюултай юм үзээгүй, сонсоогүй. 

ШУУД ҮЗЭХ: 

 

Ийнхүү 2 жил өнгөрөхөд Ц.Нямдорж сайдын ярьсан яриа хууль өөрчлөх хэмжээнд хүрэв. Өнөөдөр Ц.Нямдорж сайдын яриан дээр үндэслэн гарсан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Хууль хүчний байгууллагын удирдлагыг өөрчлөх хууль УИХ-аар батлагдлаа. 

Энэхүү хууль нэг талаасаа Ардчиллын дархлааг сулруулах талтай гэж шүүмжилж байгаа ч нөгөө талдаа ялзарсан, бугшсан, манангийн сүлжээнд идэгдсэн шүүх, прокурор, авлигатай тэмцэх газрын албан хаагчийг шинэчлэх боломж олгоно гэсэн хүлээлт ч үүсээд байна. Аль нь үнэн болох нь 2 жилийн дараа л тодорхой болчихоно. 

Нэгэнт галт тэрэг хөдөлж, хууль өөрчлөгдсөн учраас асуудал явдагаараа явж, шийдвэр гардагаараа гарах болно. Харин Ц.Нямдоржийн С.Зориг агсны хэргийн талаарх яриа хэрхэн хөврөх бол!!!!

Б.Ууганбаяр