Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн юм. Бичлэгийг үзсэн гишүүд "Үзэхэд их хүнд юм байна. Олон нийтэд дэлгэх хэрэггүй байх. Настай хүн бол даралт нь ихэснэ. Аймшигтай тамлал гарч байна" гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлцгээсэн. Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн энэ үйлдэлд харамсч буйгаа илэрхийллээ.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж: Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн хугацаанд нийтдээ 17 илтгэл бичиж, УИХ-д танилцуулсны 13-т нь эрүүдэн шүүлтийн асуудлын талаар оруулсан байна. Харамсалтай нь, арга хэмжээ аваагүйгээс гадна Мөрдөн байцаах албыг татан буулгачихаад янз бүрийн үүргийн асуудал оногдуулах гэж оролдсон гэж хэлэв.
Мөн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгахтай холбоотой 2015 оны долдугаар сараас эхлээд л “Эргэлт оруулахгүй байна, тамлаж зовоож байна” гэх гомдол ирсэн. Тухайн үед Хүний эрхийн үндэсний комисс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, нийслэлийн Прокурорын газар, Тагнуулын ерөнхий газарт асуудлыг тавьж байсан. Гэвч эдгээр газраас зөвхөн нийслэлийн Прокуророос хариу ирүүлж байжээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр яллагдсан Б.Содномдаржаа нь ҮАБЗ-д 2016 онд гомдол гаргаж байсан. Уг гомдолд дурдсан зүйл нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар гишүүдийн ярьсан зүйлтэй агуулга нь адилхан. Хүний эрхийн үндэсний комисст мөн гомдол ирсэн. Иймээс энэ бүхнийг Хүний эрхийн үндэсний комисс тухай бүрт нь холбогдох газруудыг анхаарахыг хүсэж, түүнчлэн УИХ-д жил бүр өргөн мэдүүлдэг илтгэлдээ ч дурдаж, эрүүдэн шүлтийн эсрэг арга хэмжээ авахыг анхааруулж байсан гэв.
2012 оноос эхлэн нийслэлийн есөн дүүрэг, 12 аймгийн төвд шүүх өрөөг мэдүүлэг авах өрөөг дуу, дүрсний камертай болгосон. Мэдүүлэг өгч буй хүний нүүр царай болон үйл хөдлөлийг бүрэн оруулах зорилгоор нэмэлт төхөөрөмж суурилуулна гэж заасан. Харамсалтай нь энэ шаардлага орон нутагт хэрэгжихгүй байна. Тэнд эрүүдэн шүүх ажиллагаа явагдаж байна гэсэн үг хэмээн ХЭҮК-ынхон ярилаа.