Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр ял хүлээлгэсэн гэх бичлэг нийгмийн анхаарлыг татаад байгаа. Тэр бичлэгийг хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүд үзсэн. Тэд Б.Содномдаржааг зодож байгаа, Т.Чимгээгийн өрөөнд цээж нүцгэн эрэгтэй хүн орж ирээд айлган дарамталж байгаа талаарх дүрс бичлэгийг ёс бус, аймшигтай юм байна гэж дүгнэсэн. Олон нийтэд бүгдэд нь үзүүлбэл Монгол Улсын Олон улс дахь нэр хүндэд ч халтай юм байна гэх гишүүд байсан. Тэгвэл өнөөдөр Төрийн ордноос улс төрийн мэдээ мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдэд тэрхүү эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Ц.Нямдорж хоёр үзүүлэхээр болжээ. Гэхдээ гар утасны сүлжээг хааж, зураг авахуулахгүй, бичлэг хийлгэхгүй юм байна.