С.Амарсайхан: Смарт картаа цэнэглээд гээгдүүлсэн иргэдийн мөнгийг буцаан олгоно

С.Амарсайхан: Смарт картаа цэнэглээд гээгдүүлсэн иргэдийн мөнгийг буцаан олгоно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тарифыг шинэчлэн баталжээ. Тус журам батлагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, үйлчилгээний орлого төвлөрүүлэхэд тавих хяналтыг сайжруулах аж.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Картын үйлчилгээний түгээлтийн цэгийн хүртээмжийг дагаад иргэдийн олон боломж зөрчигддөг. Жишээлбэл, автобусны картаа цэнэглэчихээд гээгдүүлсэн тохиолдолд иргэд мөнгөө авч чаддаггүй. Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно" гэж ярьсан байна. 

Агаар, орчны бохирдлыг бууруулах агуулга бүхий 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд долоон шалган нэвтрүүлэх постод улсын 24 байцаагч ажиллуулахаар төлөвлөсөн байна. Мөн аж ахуйн нэгжүүдэд нүүрсний татан авалт хийх хуваарь гарган ажиллах болно гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.