Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алт, нэгэн мөнгөн медаль хүртлээ.
85 настай Ц.Раднаа тэмцээний сүүлийн өдөр болсон гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж, аваргын алтан медалийг хүртэв. Ц.Раднаа гуай өмнө нь 400 метрийн зайд аваргын алтан медалийг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Түүний гурав дахь оролцсон төрөл нь гурвын харайлтын төрөл байв. Үүнд мөн аваргын алтан медалийг хүртэж, энэ жилийн мастеруудын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэж, мөн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүллээ.
Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Ийн Монголын баг 2019 оны мастеруудын ДАШТ-д гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлэв. Баг тамирчид энэ долоо хоногт эх орондоо ирэх аж..