Өнөөдөр Японы Засгийн газрын төлөөлөгч тавдугаар сарын 1-нээс эхлэх шинэ эзэн хаан Нарухитогийн эриний нэрийг зарлалаа. Шинэ эринийг “Рэйва” гэж нэрлэхээр болсон юм байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эриний нэрийн утгыг тайлбарлажээ. Рэйва гэдэг нь долдугаар зууны шүлэг, яруу найргийн эмхэтгэл “Манёшу”-гаас авсан нэр юм байна. Энэ нь хүмүүс харилцан бие биеэ найрсгаар хайрлаж, хүндэлж, зэрэгцэн амьдрах үед аливаа соёл иргэншил бий болж, хөгждөг гэсэн утгатай ажээ.
Одоогийн эзэн хаан Акихитогийн эрин “Хэйсэй” нь 1989 онд эхэлсэн бөгөөд “энх амгалан тогтсон” гэсэн утгатай юм. Акихитогийн эцэг Хирохито нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэн хаан байсан тул түүний дараах эринийг дайн дажингүй, энх амгалан байхыг бэлгэдэж ийм нэр өгсөн ажээ.