Д.Цогтбаатар БНХАУ-д айлчилж байна

Д.Цогтбаатар БНХАУ-д айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Жун Наньхай цогцолборт тус улсын дэд дарга Ван Чишаньд бараалхав.

 

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2019 онд тохиож буй хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсаны 25 жилийн ойг тус тус тэмдэглэх, бүс нутгийн интеграцчлалын хүрээнд хамтран ажиллах  зэрэг асуудлаар санал солилцов.

 

Ван Чишань хэлэхдээ, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын албан ёсны айлчлалд өндөр ач холбогдол өгч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж, БНХАУ-д тавтай зочлохыг хүсч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүсэв.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төлөөлөгчдөд зориулж тусгай арга хэмжээг “Хааны ордон”-д зохион байгуулж хүндэтгэл үзүүлэв.