Ц.Нямдорж сайдын хуурай дүү гэгддэг С.Анхбаярын ялыг өөрчилжээ

Ц.Нямдорж сайдын хуурай дүү гэгддэг С.Анхбаярын ялыг өөрчилжээ

"ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан гэх асуудлаар шүүхээс өмнө нь хорих ялаар шийтгэсэн байсан. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон. Тэгвэл түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс хянан хэлэлцэж, С.Анхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

С.Анхбаяр нь Увс аймгаас гаралтай бөгөөд Ц.Нямдорж сайдтай нутаг нэгтэй, түүний хуурай дүү, багшийнх нь хүү гэгддэг. ТЕГ-ын дарга асан Б.Хурц "Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрт өөрийн хүү Н.Анхбаяр болон “ДЦС-4”-н захирал С.Анхбаяр нараар 42 сая төгрөгийн шахаа хийлгэсэн нь баримтаар нотлогдсон" гэж мэдээлж байсан. Харин Ц.Нямдорж сайд "Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт 42 сая ам.долларын бараа шахсан гээд байгаа ДЦС-4-ийн С.Анхбаярын бизнесийг би мэдэхгүй. Тэр С.Анхбаяр гэдэг хүн миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд С.Анхбаяр дээр ТЕГ гүйцэтгэх ажиллагаа явуулсан" гэж мэдэгдэж байсан юм.