"Би нөхрийнхөө араас явлаа" гэсэн гэрээслэл бичиж үлдээгээд, цонхоор үсэрч нас баржээ
Чингэлтэй дүүрэгт байрлах 23 дугаар сургуулийн хойд талд нэгэн эмэгтэй ажилладаг байгууллагынхаа цонхоор унаж амь насаа алдсан хэрэг гарсан байна. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газар, Мөрдөн шалгах газар, Эрүүгийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид хамтран шалгаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр 23 настай эмэгтэй Э нь "М ХХК"-ийн таван давхрын цонхоор өглөө үүрээр унаж, газар дээрээ нас баржээ. Талийгаачийн нөхөр өмнөх өдөр нь орон нутгийн замд явж байгаад осолд орж нас барсан байж. Тиймээс хэрэг гардаг өдөр талийгаач сэтгэл санаагаар унасан, хүнтэй үг ч дуугарах сэхээгүй байсан гэнэ. Орой нь ажил дээрээ ганцаараа үлджээ. Хэргийн газраас эд мөрийн баримт гэх зүйл гурван ширхэг, гэрээслэл нэг ширхэг олдсон байна. Гэрээслэлд “Би нөхрийнхөө араас явлаа, би ханьдаа маш их хайртай байсан” гэсэн утга бүхий зүйл бичжээ.
Хэргийн газраас олдсон гэрээслэл зэрэг зүйлсийг шинжлүүлж байгаа аж.