Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тусгай зөвшөөрөлтэй 1751 аж ахуйн нэгжийн 281-т нь уул уурхайн осол аваараас урьдчилсан сэргийлэх зорилгоор шалгалт явуулсан.
Учир нь дээрх 1751 байгууллагаас:
-Үйл ажиллагаа явуулж эхлээгүй 561,
-Огт үйл ажиллагаа явуулаагүй 908
-Үйл ажиллагаа явуулж буй 123,
-Бэлтгэл ажил хийж буй 159 байгууллага байв.
Одоогоор шалгалтын дүн бүрэн гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар танилцуулахад:
-29 уурхайн үйл ажиллагааг зогсоосон
-79 албан шаардлага буюу үүрэг даалгавар хүргүүлсэн
-301 зөвлөмж хүргүүлсэн
-224 сая төгрөгийн торгууль тавьж,
-291,2 грамм алтыг хураан авлаа.
Мөн хялбаршуулсан байдлаар 29 хэргийг шийдэж, зөрчлийн зургаан хэрэг нээн ажиллалаа хэмээн МХЕГ-аас мэдээллээ.
Уурхайд 29 төрлийн бичиг баримт байх ёстой. Энэ бичгүүдийг бүрэн бүрдүүлж, аюулгүй ажиллагааг хангасны дараа олборлолтын үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл аж ахуйн нэгжүүд бичиг баримтаа бүрэн бүрдүүлээгүй зөрчил их илэрсэн байна. Мөн байгаль орчны өнгөрсөн жилийн менежментийн тайлангаа гаргаагүй үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүд ч байсан аж. Үүнээс гадна уурхайн үйл ажиллагаанаас гарсан химийн хорт бодисыг ялгаж ангилахгүйгээр хадгалсан илэрсэн зэрэг зөрчил илэрчээ.