Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос 2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний үеэр хориотой бодис хэрэглэсэн тамирчдын нэрсийг өчигдөр зарлалаа. Тэмцээний үеэр Г.Ариунтамир, Б.Бямба-Очир, Э.Цогт нараас допингийн шинжилгээ авчээ. Уг шинжилгээний хариу гарч Г.Ариунтамир, Э.Цогт нараас хориотой бодис илэрч зохих хариуцлагыг оноосон талаар олон нийтэд мэдээллээ.
Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Допингийн эсрэг дүрмийн дагуу Г.Ариунтамирыг тэмцээнд оролцох хугацааг хоёр жилээр, Э.Цогтыг дөрвөн жилээр хасчээ. Харин Б.Бямба-Очироос хориотой бодисын төрөл илрээгүй байна.
2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдөр болсон бөгөөд тамирчдын тэмцээнд оролцохыг тухайн өдрөөс эхлэн хоригложээ.