АМЕРИКИЙН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР БАРАК ОБАМАГИЙН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ҮҮ

АМЕРИКИЙН ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР БАРАК ОБАМАГИЙН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ҮҮ

Найман жилийн турш Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн албыг хашсаныхаа дараа ерөнхийлөгч Обама, өөрийнхөө санаачлан баталсан маргаантай хууль болоод бодлогын асуудлаа хүчин төгөлдөр хэвээр үлдээхийг хичээж байна. 2012 оны сонгуульд Эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийх амлалт өгч, тэр амлалтаа биелүүлэхийн тулд “Обамагийн халамж” нэртэй хуулийг санаачлан хэрэгжүүлсэн нь Нэгдсэн Улсын ард иргэдэд хамгийн үр нөлөөтэй ажил болсон гэж үздэг юм. Энэ хуулиар Нэгдсэн Улсын иргэн бүрт эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийг нээж өгсөн. Тэгвэл шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д. Трамп, энэ хуулийг хүчингүй болгохыг хүсэж байна. Тиймээс Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Б. Обама, энэ сарын 4-ний өдөр, Конгрессийн гишүүдтэй уулзаж, “Обамагийн халамж” хуулийг хүчин төгөлдөр хэвээр үлдээхийн төлөө тэмцэхийг уриалсан юм. АНУ-ын 26 сая хүн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх боломж нээсэн энэ хуулиар, 26 хүртэлх насны АНУ-ын иргэн эцэг, эхийнхээ эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой болсон. Мөн архаг өвчтэй хүмүүс ч энэ даатгалд хамрагдсан, өндөр настнуудад хөнгөлөлттэй эм олгох зэрэг олон үр өгөөжтэй заалтууд багтсан. Тиймээс ч Америкчуудад хамгийн үр өгөөжтэй ажил гэгддэг энэхүү хуулиа хүчин төгөлдөр хэвээр үлдээх нь чухал гэж үзэж байгаа. Түүнчлэн, Обамагийн засгийн газар 2015 онд Парисын уур амьсгалын гэрээнд гарын үсгээ зурсан. Тэгвэл, Бүгд Найрамдахчууд АНУ-ыг Парисын гэрээнээс татан гаргана, байгаль орчны арга хэмжээг хүчингүй болгоно гэж мэдэгдсэн. Д. Трамп, мөн АНУ-ыг Парисын уур амьсгалын гэрээнд нэгдэх шаардлагагүй, АНУ-ыг байгаль орчны арга хэмжээнээс татан гаргана гэж хэлсэн. Иймээс ерөнхийлөгч Обама, энэ сарын 9-нд буюу өнгөрсөн даваа гарагт, ШУ-ы сэтгүүлд өөрийн үзэл бодлоо нийтэлсэн. Энд, “Манай улс уур амьсгалын сорилтыг сөрөн зогсох бүрэн чадвартай биш учраас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг системтэйгээр авч, Парисын гэрээнд нэгдсэн нь маш зөв алхам юм” гэж бичсэн байна.