БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 4 дүгээр сарын 2-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцаа нь тус тусын гадаад бодлогод тэргүүлэх байр суурь эзэлдгийг санал нэгтэй тэмдэглэв.
2019 онд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээг байгуулсаны 25 жилийн ой тус тус тохиож буйг талууд онцлоод ойн хүрээнд улс төр, худалдаа, соёл, хүмүүнлэг, орон нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.
Хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хүрээнд хэрэгжих өндөр, дээд түвшний харилцан айлчлалын бэлтгэлийг сайтар хангаж, хоёр талын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхээр талууд санал нэгдэв. Түүнчлэн хоёр талын худалдааны 2018 онд хүрсэн амжилтыг ахиулж шинэ түвшинд гаргах, чингэхдээ худалдааны бүтцийг сайжруулах, экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцов.
Мөн хамтын ажиллагааны төслүүдийн явцын талаар талууд дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих, гэр хорооллыг орон сууцжуулах, хөдөө аж ахуйн болон бусад салбарт хэрэгжүүлэх төслүүдийн явцыг түргэтгэхэд хятадын талаас анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын хэрэглэгчдэд сурталчлан таниулах зорилгоор хоёр тал хамтран экспо, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, мөн Хятадад болдог олон улсын экспо, үзэсгэлэнд Монголын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах талаар холбогдох дэмжлэг үзүүлж ажиллахаа хятадын талаас илэрхийлэв.
Монгол, Хятадын хилийн боомтын зэрэглэлийг дээшлүүлэх, шинээр төмөр замын боомт байгуулах, зарим боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах, боомт дээр үүсдэг хүндрэл, бэрхшээлийг бууруулах зэрэг асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллахаар талууд тохиролцов.
Түүнчлэн соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоны зэрэгцээ Монгол, Хятад, Орос гурван талт хамтын ажиллагаа, тухайлбал, “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван талын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байгаагаа талууд илэрхийлэв.
Хэлэлцээний үеэр талууд харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцов.
Эх сурвалж: ГХЯ