Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэхээр болжээ

Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлэхээр болжээ

Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл тэдний оронд томилох хүмүүсийн нэрс дуулдаж эхэллээ. Тухайлбал, Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг нэр дэвшүүлэхээр болсон тухай мэдээлэл цацагдав. Б.Жаргалсайхан нь өмнө нь Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2015 оны дөрөвдүгээр сараас Ерөнхий прокурорын туслах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар томилогдсон байна. Харин Ерөнхий прокурорын орлогчид Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэгийн нэр яригдаж байна. 

Улсын Дээд шүүхийн шүүгчид өчигдөр хуралдаж, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчээ тодруулсан байна. Хурлаар шүүгчдийн олонх нь шүүгч Д.Ганзоригийг нэр дэвшүүлэхээр дэмжсэн байна. Улмаар Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилдаг юм.