Польшид болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан 85 настай иргэн Ц.Раднаа гуайг өнөөдөр Кёкүшюзан Д.Батбаяр тусгайлан хүлээн авсан юм. Яармагт байрлах “Сакура” сургуульд болсон уулзалтын үеэр Ц.Раднаа сурагчидтай ойрын зайн гүйлт хийж, тэдэнд сурлагын өндөр амжилтыг хүсэн дэлхий дахинд эх орноо мандуулсан алдартай хүн болоорой гэж хүсэн ерөөлөө. Үүний дараа тус сургуулийн ойролцоо баригдаж байгаа “Ханбогд ресиденс” хороололд очиж, барилгачидтай уулзлаа. Энэ үеэр Кёкүшюзан Д.Батбаяр дэлхийн аварга Ц.Раднаа гуайд хоёр өрөө байрны батламж гардуулсан юм. Ёслолын ажиллагааны үеэр Д.Батбаяр “85 насандаа дэлхийн рекордыг шинэчилж, Ц.Раднаа гуай монгол хүний бахархлыг сэргээлээ. Манай хамт олны сэтгэл, хөдөлмөр шингэсэн барилгаасаа хоёр өрөө байр бэлэглэж байна” хэмээн хэллээ.
Дэлхийн аварга Ц.Раднаа“Үнэхээр их баяртай байна. Барилгачдын сэтгэл шингэсэн энэ сайхан бэлгийг аваад талархаж байна. Өнөөдрийн миний энэ хичээл зүтгэл бол архи, тамхи хэрэглэхгүй байж, спорттой байнга холбоотой явсны ач юм. Би Зайсангийн шатаар байнга өгсөж, Туул голын эргээр байнга алхаж явна. Энэ нь миний урт наслахын нууц байх” гэсэн юм.