Засгийн газар 2016 оны 12 сарын 21-нд нэгэн хачирхалтай тогтоолыг гаргасан байна. Уг тогтоолоор МАН-ын нөлөө бүхий 2 гишүүний гэр бүлийн төлөөллийнх нь оролцоотой компанийн гадаадын ажиллах хүчний хугацааг сунгаж, хураамжаас чөлөөлсөн байна. Тодруулбал:
Монцемент билдинг материалс" ХХК-ийн 710 ажилтан "Монголын алт" ХХК-ийн 1600 ажилтныг хөдөлмөр эрхлэх хугацааг 2017 оны 12 сарын 31 болгон сунгаж, мөн ажиллах хугацааных нь хураамжаас чөлөөлсөн байна. Гадаадын ажиллах хүчний сарын хураамж нь хөдөлмөрийн хөлсний хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх байдаг. Тэгэхээр сард нэг ажилтнаас 480,000 төгрөг хураана гэсэн үг. Дээрх чөлөөлсөн ажилтны зардлыг тооцож үзвэл 13 тэрбум төгрөг болж байгаа юм. Нарийвчлан хэлбэл "Монцемент билдинг материалс" ХХК-ийн 710 ажилтны сар бүрийн 480,000 төгрөгийг 12 сард үржүүлэхээр 4 тэрбум 89 сая 600 мянган төгрөг болж байна. Харин "Монголын алт" ХХК-ийн 1600 ажилтны төлбөрийг мөн л 480,000 төгрөгөөр үржүүлэх юм бол 9 тэрбум 216 сая төгрөг болж байна. Ийм хэмжээний төлбөрийг энэ хоёр эрхэм өөрсдийнхөө хамаатан садны ажилуулж байгаа компаниас чөлөөлүүлчихсэн байх магадлалтай. Тэгээд зогсохгүй уг шийдвэрийг гүйцэтгэх ажлыг нь тухайн хүн нь өөрөө хариуцаж байх жишээтэй.
Гарамжав гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт Монцемент билдинг материалс ХХК байхгүй. Гэхдээ л түүний үр хүүхэд уг компанитай холбогддог. Ийм нөхцөлд хуулийн хүрээнд нэгдмэл ашиг сонирхолтой аж ахуйн нэгж гэж холбогддог байна.
Уг нь аж ахуйн нэгжийн оруулж ирсэн гадаадын ажиллах хүчийг хураамжаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл байдаггүй гэнэ. Гэтэл засгийн газар үүнийг умартан ийм шийдвэр гаргачихлаа гэж эх сурвалж өгүүлж байгаа юм.
Энэхүү мэдээлэл нь худал биш гэдгийг Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд өөрийн жиргээгээрээ батлаад өглөө.