С.Эрдэнэ: ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг шаардана

С.Эрдэнэ: ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг шаардана

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийж, тус намаас мэдэгдэл гаргаж байгаа талаар танилцууллаа. Мэдэгдэлд, хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний өмнө амласан амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох.


Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг улстөржүүлэн завхруулж, Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.


Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.


Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.


Удаа дараа олон жил хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна. Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон төлөөлөх эрхийг хууль бусаар эдэлж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болж, барьцаалагдсан УИХ өөрөө тарах ёстой гэдэг Ардчилсан намын гишүүдийн байр суурь хэвээр байна. Бидний шаардлага байр суурийг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж хамтран тэмцэхийг нийт иргэддээ уриалж байна гэжээ.

АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:  

-УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн тухайд эрхзүйн чадамтай үйл ажиллагаа явуулж байгаа. УИХ дахь намын бүлгээс гишүүдийг гарсныг УИХ-ын даргад мэдэгдэн, чуулганы хуралдаанд сонсгосны дараагаар бүлгийн асуудал шийдэгдэнэ. Өнгөрсөн хугацаанд эрх баригчид биднийг хэт цөөнх гэж үзэж, хэтэрхий дарангуйллаа. УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авах л эрхзүйн чадамжтай. Гэтэл завсарлага авахаар үндэслэлээ яаж ч тайлбарласан нэг цагийн хугацаа өгдөг. Гэхдээ бид өнөөдөр бүлгээс гарахаа мэдэгдсэн гишүүдийн саналыг хурлаараа хэлэлцэн шийднэ. АН-аас зохион байгуулж байгаа үндэсний хэмжээний жагсаалаар МАН-ын амлалт, ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг шаардна. Шударга төр гэж ярьж байгаа боловч шударга бусыг хаацайлсан төр ажиллаж байна. ЖДҮ-чид 49-өөр тогтохгүй. 50 гаруй байгаа. Өнөөдөр мэдэгдсэн нь 49 гэж байгаа юм. Зөвхөн ЖДҮ биш концессийн асуудал байна. АН шаардлагаа тавина. Бид ард түмний сонголтыг хүндэтгэж, эрх баригчдад ажиллах боломжийг нь олгосон. Харамсалтай нь эрх баригчид боломжийг буруугаар ашигласан. АН өөрсдийн байр суурин дээр улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжинэ гэв.