Нийслэлийн засаг даргын хийж байгаа нэг ажил нь ТҮЦ хураах. Нийслэлийн хэмжээнд 1132 ТҮЦ ажиллаж байгаа. Үүний 80 гаруй хувийг нь буулгана гэж Хотын дарга С.Батболд лүндэн буулгасан. Түүнд ТҮЦ ажиллуулж байгаа хүмүүсийн жаргал зовлон огт хамаагүй. Гагцхүү ачиж, нүдээсээ далдруулах нь гол ажил нь. Уг ТҮЦ-ийг өмнөх хотын дарга С.Бат-Үүлийн үед хийсэн учраас ч одоогийн засаг ноёнд таалагдахгүй байж магад үгүй юм. ТҮЦ-ээ ачуулахгүй гэсэн иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. ТҮЦ-тэй нь хамт ачаад явдаг гажуудал гаарч эхэллээ.
Үүнээс өмнө ч ТҮЦ-ээ ачуулахгүй гэсэн тэмцэл их өрнөсөн билээ. Тухайлбал 62 настай хөгшин ТҮЦ-ээ ачуулахгүй гэсэн тэмцэлдээ ухаан алдаж унасан. Үүнийг NTV телевизийн мэдээнээс үзэж болно.
Баянзүрх дүүргийн нэгэн иргэн ТҮЦ-ээ ачуулахгүй гэж бухимдахдаа газрын албаны даамлыг нударч хэрэгтэн болчихоод байна. Энэ мэтээр ТҮЦ-ээ ачуулахгүй гэсэн иргэдийн бухимдлыг үл тоож Нийслэлийн засаг дарга ба түүний багийнхан төмөр нүүрээ ТҮЦ-ний худалдаа эрхлэгчдэд үзүүлж байна. ТҮЦ гэдэг бол түргэн үйлчилгээ. Хэрэглэгчдэд хамгийн ойр, аар шаархан зүйл борлуулдаг газар. ийм хүмүүс том худалдааны төвд лангуу түрээслээд суухгүй. Ийм байхад л амьдралгүй зүйл ярьж асуудлыг улам л хүндрүүлээд байх юм.