Ардчилсан намын дарга С.Эрдэнэ эрх мэдлээ зургаан хүнтэй хуваах болчихлоо
Өнгөрсөн баасан гаригт "УИХ ТАР" уриатай тайван жагсаалыг хийсэн Ардчилсан намынхан үргэлжлүүлэн Үндэсний бодлогын хороогоо хуралдуулав. Хурлын үр дүнгээр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ эрх мэдлээ зургаан хүнтэй хуваах болчихлоо. Сая, дөрөвдүгээр сарын 7-нд Төрийн ордонд Үндэсний бодлогын хорооны зургадугаар хуралдаанаа зохион байгуулав. Хуралдааны үеэр Үндэсний бодлогын хороонд сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг баталснаас гадна Х.Тэмүжин, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа нарыг намын дэд даргаар сонголоо.
Өмнөх ҮХБ-ны хуралдаанаар Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарыг АН-ын дэд даргаар сонгоод байсан юм. Тэгэхээр одоо зургаан дэд даргатай болж байна.
Ардчилсан намын хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш намын дүрэм, бүтэц зохион байгуулалтдаа олон өөрчлөлт хийж, бодлогын нам болж байгаа гэдгээ зарлаад буй. Дүрмээ шинэчилсэн тус намынхан намын дарга болон ҮХБ-ны гишүүдээ дотоод сонгуулиар сонгодог болсон. Юутай ч үе үе шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэх гэж оролдоод байгаа АН-д нэгдүгээр эгнээнд суух долоон дарга гарч ирлээ.