Монгол улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын багш нарын VII их хурал 4 дүгээр сарын 11, 12-нд Төрийн ордонд болно.
Хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулах аж.
Хуралд санал, сэтгэгдлээ хүргүүлэх багш нар
Багшийн хөгжлийн ордны 402 тоотод биечлэн хүргэх
Орон нутгаас сонгогдсон төлөөлөгчөөр дамжуулан өөрийн саналаа илгээх
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын www.itpd.mn хуудсаар онлайнаар илгээх боломжтой юм.
Энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм. Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр сүүлийн 16 жилд 3 удаа өөрчлөгдсөний үр дагавар, сургамж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулалт хийх асуудлыг хөндөх аж.