Гэрчээс яллагдагч болчихоод байгаа Б.Булган гэдэг хүн С.Зоригийн хэргийн талаар хэзээ юу гэж ам нээх бол?
С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргээр ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн шалгах явцдаа эрүүдэн шүүжээ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлж, холбогдох бичлэгийг УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд үзүүлсэн. Улмаар хэргийг шалгасан ажлын хэсгийг тарааж, шинээр ажлын хэсэг бүрдүүлэхээр болсон. Үндсэндээ С.Зоригийн хэрэг Ц.Нямдорж сайдын үед тав дахь удаагаа задарсан ийм үйл явдал болж буй.
Дөрөвдүгээр сарын 7-нд Ц.Нямдорж сайд, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нар халз мэтгэлцээнд оролцох байсан ч Ц.Нямдорж сайд ирээгүй юм. Харин “Цензургүй мэтгэлцээн”-д оролцсон прокурор Г.Эрдэнэбат Б.Булганы талаар доорх зүйлийг ярив.
Ер нь С.Зоригийн хэргийн цорын ганц гэрч гэж монголчуудын ойлгож ирсэн Б.Булган гэдэг хүн гэрчээс яллагдагч болчихлоо. Саяхан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “С.Зоригийн хэргийн цорын ганц гэрч бол Зориг өөрөө” гэж хэлсэн. Энэ үгний цаадах утга нь Б.Булганыг гэрч биш гэчихэж байгаа мэт.
Өдий 21 жил өнгөрч байхад эхнэр Б.Булган нь ам ангайсангүй. Уг нь монголчуудад эргэлзээ, таамаг, ээдрээ дагуулсан энэ хэргийн талаар Б.Булган юу гэж ам ангайхаас бүх зүйл хамаарах биз ээ. Гэвч тэрбээр олон нийтэд ойлгомжтой ямар нэгэн сэжүүр гаргалгүй өдий хүрчээ.
“Цензургүй мэтгэлцээн” нэвтрүүлгийн үеэр:
Сэтгүүлч: Б.Булганыг яагаад шүүх хуралд гэрчээр оруулаагүй юм бэ. С.Зориг агсныг алагдахад яах аргагүй хажууд нь байсан хүн мөн. Харсан хүн мөн. Гэтэл яагаад гэрчээр шүүх хуралд ороогүй юм бэ. Энэ л үнэмшилгүй байна л даа.
-С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч асан Г.Эрдэнэбат: Б.Булган гэдэг хүнийг бид “Энэ хүн гэрч” л гэж санаандаа хардаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаад ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр энэ хүн гэрчилдэг. Гэхдээ их сонин, сонин гэрчилнэ. Анх бол хоёр багтай хүн орж ирсэн. Би царайг нь хараагүй гэсэн. Сүүлд нь болохоор 00-ийн өрөөний хаалганы завсраар эмэгтэйнх нь царайг харсан гэж мэдүүлэг өгсөн. Бүр сүүлд нь болохоор тэр хүмүүсийг харсан болж хувирдаг. Бид мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад баримтууд цуглуулж эхэлсэн. Энэ хүмүүс үйлдсэн юм байна гэдэг үндэслэл, итгэл үнэмшил, түүнийг батлах нотлох баримтуудтай болсон. Ингээд нөгөө Б.Булганаас “Заа энэ хүмүүс мөн үү” гэхээр “Биш ээ” гээд эхлэхээр мөрдөн байцаагчид, хяналт тавьж байсан прокурорт, мөн надад ямар эргэлзээ үүссэн бэ гэхээр энэ хүн гэрчлэхгүй байна. Энэ хүн өөр сонирхолтой байна. Ийм ч учраас Б.Булган энэ хэрэгт хамсаатан юм биш үү, хамжигч юм биш үү. Эсвэл хамжигч биш гэхэд энэ хэргийг мэдчихэд хэлж өгөхгүй байгаа үл мэдэгч юмуу гэдэг сэжиглэл үүссэн. Ингээд Б.Булганыг яллагдагчаар татсан. Хамтраад байгаа юм биш үү гэж.
Нэгэнт яллагдагчаар татаад шалгаад эхэлсэн Б.Булган энэ хэрэгт хамтрагч юм байна гэдэг нь хангалттай баримтаар нотлогдохгүй болохоор аргагүйн эрхэнд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бид нотолж чадахгүй болохоор яах вэ. Ингээд хэрэгсэхгүй болгосон чинь процессын хувьд нэг ноцтой асуудал үүссэн. Юу гэхээр шүүх хуралд хэргийн оролцогч нарыг л оруулдаг. Шүүх хурал болоход хэргийн оролцогч нар тэнд байх ёстой. Гэрч, хохирогч, яллагдагч байх ёстой. Гэтэл Б.Булган гэдэг хүн хэн бэ. Гэрч биш болсон. Сэжигтэй байсан. Яллагдагчаар татсан. Яллагдагчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгочихоор энэ хүнийг ямар үндэслэлээр шүүх хуралд оруулах уу.
-Сэтгүүлч: Тэгээд энэ хүн С.Зоригийн хэрэгт ямар ч холбоогүй болж таарч байна уу.
- С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч асан Г.Эрдэнэбат: Яалаа гэж. Одоо тусгаарлаад захиалагчийг шалгах хэрэг дээр эргүүлээд шинэ нотлох баримт олдоод яллагдагчаар татчихсан л байгаа ш дээ. Хүмүүс яагаад бөөн дуулиан шуугиан болж байсан зүйлээ мартчихдаг юм бэ. Жил гаруйн өмнө Б.Булганыг яллагдагчаар татлаа гэхэд нь сэтгүүлчид бүгдээрээ л дагаад явж байсан шүү дээ.
Дахиад яллагдагчаар татсан байгаа шүү дээ.