Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа

Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар түргэн шуурхай ажиллаж байна.

Капитал банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авсаны дараа:

20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгоно. Аль салбараар олгохыг Хаан банкнаас зарлана. Та бүхний даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна.
20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхэлнэ. Шаардлагатай мэдээллийг цаг тухай бүр хүргүүлнэ.
Иймд Капитал банкны харилцагчид Та бүхнийг тайван хүлээцтэй хандахыг хүсч байна.

Монголбанк

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр