"Капитал" банк дампуурсан гэдгийг Монголбанкнаас албан ёсоор зарласан. Тус банкийг татан буулгах шийдвэр гарсны дараа банкинд байсан төрийн 340 тэрбум төгрөг, 800 гаруй хадгаламж эзэмшигчдийн 42 тэрбум төгрөгийг хэрхэх вэ гэдэг асуудал нийгмийн анхаарлын төвд оров. Монголбанкнаас мэдэгдэл гаргаж, Капитал банкинд хадгаламжтай байсан иргэдийн 20 сая төгрөг хүртэлх мөнгийг Хаан банкаар дамжуулан олгоно гэдгийг юутай ч хэлсэн. 20 саяас цаашхийг нь яах вэ гэдэг одоогоор тодорхой болоогүй л байна.
Хадгаламж эзэмшигч иргэд нийлэн "Алтжин" группийн эзэн Г.Алтанг АТГ-т шалгуулахаа мэдэгдсэн байна. Г.Алтанг АТГ-т шалгуулах болсон үндэслэлээ “Алтжин” группийн Г.Алтан нь "Капитал" банкнаас сүүлийн нэг сард олон тэрбумын хадгаламжаа эргүүлэн татахдаа олон иргэний нэр дээр зориуд данс үүсгэж, мөнгөө байршуулсантай нь холбоотой гэж тайлбарлаж байгаа аж. Иргэдийн төлөөлөл удахгүй АТГ-т хандаж, олон нийтэд мэдээлэл хийх бололтой.
Харин дампуурсан банкны хувьцаа эзэмшигч, УИХ-ын гишүүн Б.Ундармаа "Улс төрийн нөхцөл байдлаас болоод дампууруулчихлаа" гэсэн утгатай байр суурийг илэрхийлснээс өөр үг дуугараагүй хэд хонолоо.