УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзсан байна. УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр гишүүдэд арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах чиг үүрэгтэй орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа УИХ-ын дарга энэ үеэр илэрхийлжээ.
Энэ үндсэн дээр УИХ-ын залгамж чанар, парламентын засаглалын чадавхыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл байгуулжээ.
Үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА, МУИС, Удирдлагын академи, АНУ, Их Британи, ОХУ, Япон, Франц, Герман зэрэг улсад хуулийн чиглэлээр доктор, магистрын зэрэг хамгаалсан, олон улсын туршлага судалсан гурван үеийн эрдэмтэн, судлаач, профессоруудын төлөөллийг Бодлогын зөвлөлд хамруулсан байна.