Сонгуулийн жил тасрахаа байж. “Улстөржилт” гэж нэг хар машин биднийг дөрвөн жилийн турш элдэж хөөсөөр, эцэст нь үрж гүйцэх нь.
Улс төрийн сонгуульт хугацааг дөрвөн жил байхаар хуульд заасан байдаг. Нэг жилд нь улаан, цэнхрээрээ талцаж сонгуульддаг юм байж гэе. Цаад гурван жилд нь чих амар өнжиж болмоор сон. Одоо бол дөрвөн жилийн турш хулхи өвдтөл улстөрийн хэрүүл тэмцэл үргэлжилж, сонгуулийн булайгаа дэлгэдэг болчихож.
Тухайлбал, намуудын нэгж шатны хэрүүл тэмцэл гаарсаар яваад нийслэлийн Баянзүрх дүүрэг хэдэн ч Засаг даргын нүүр үзчихэв дээ. Яг одоогоор гэхэд хоёр Засагтай, хоёр тамгатай, хоёр түлхүүртэй, хоёр талын тэмцэгчидтэй, хоёр "жалганы" иргэдтэй болчихоод байгаа дүр зураг бидэнд харагдаж байна.
Улсууд санана даа, өмнө нь дүүргийн байранд бослого шахуу юм гарч, цагдаа хүчнийхэн очиж нулимс асгаруулагч хэрэглэн тарааж байсныг. Тэр юунаас болсон гэхээр Засаг даргын төлөөх хоёр талын тулаанаас болсон юм. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН ялалт байгуулсан байдаг. ИТХ-ын 41 суудлаас АН 22, МАН 19 суудлыг авсан ч дүүргийн сонгуулийн хорооны дарга нь АН-ын зургаан нэр дэвшигчийг жагсаалтаас хасуулснаар энэ их хэрүүл тэмцэл эхэлсэн гэгддэг. Улмаар АН-ынхан Засаг даргаар Д.Пүрэвдавааг томилуулахаар шийдсэн ч нөгөө талд нь МАН Э.Бат-Амгаланг томилуулахаар хот руу өргөн мэдүүлсэн байдаг. Ингэж л Баянзүрхийнхэн уушгиа дэлбэртэл хэрэлдэж, Засаг даргын суудлын төлөөх тэмцэлд дүүргээрээ хуйлраад орчихсон хэрэг.
Дараа нь Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон учраас түр орлон гүйцэтгэгчээр Д.Баясах ажиллахаар болсон. Сая, хоёр тойрогт дахин сонгууль явуулж, МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулснаар МАН засаглах эрхтэй болж. Ингээд ИТХ-ын ээлжит хуралдааныг зохион байгуулж Засаг даргаар Э.Бат-Амгаланг сонгосныг хотын дарга батламжилжээ. Үүнийг АН-ын гишүүд дэмжигчид, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар нь эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулсныг бид харсан. Тамгын газрыг лоозонжуулж, долоо хоносон. Өнгөрсөн гурван жилд энэ сонгуулийн маргаантай холбоотой асуудлаар талууд шүүхдэлцсээр л байсан юм.
Хотын мээр С.Амарсайхан “Улс төрийн шалтгаанаар дүүргийн удирдлагууд ажлаа хийж чадахгүй байна. Сая дахин сонгууль болж, Засаг даргыг батламжилсан. Баянзүрхийнхэн Засаг захиргаагүй болсон байна. Иргэдийг турхирдаг. Төрийн үйлчилгээ үзүүлдэггүй. Дураараа авирладаг байдал гаарсан. Болохгүй бол би өөрөө очиж албадан чөлөөлнө. Дээрээ хуультай улс, бид. Төр захиргааны байрыг эзэлчихсэн байна. Гудамж талбай нь хог новшиндоо дарагдчихсан. Иргэдэд хүрэх үйлчилгээ шалан дээр. Зөвхөн улстөржиж гурван жил болж байна. Нийслэлийн удирдлагууд Баянзүрхийн байр руу орж чадахгүй хэмжээнд хүрчихэж. Сая сонгууль болсон. Тэр шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Баянзүрхийн улстөржилттэй холбоотой зарим хүмүүсийн хувийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Би тэднээс айж эмээхгүй. Халшрахгүй. Гүнзгий хэмжээнд зохион байгуулалтыг өөрчилнө” гэж мэдэгдсэн. Түүнийг энэ мэдэгдлээ хийсний дөнгөж маргааш нь “Огцор” гэдэг жагсаал хотын захиргааны үүдэнд болж байх жишээтэй. Ийм маягаар цааш үргэлжилбэл Баянзүрхийн улстөржилтийг барж дарчих засаг төр Монголд гарахгүй биз. Шийдвэр гаргах түвшиндээ дүүргийнхээ бодит чадамжаасаа хэтийдэж улстөржсөн учраас гүйцэтгэх шатанд ажил явахаа байж, хүлээлтэд орсон гэдгийг иргэд нь хэлж эхэлж байна.
360 мянган иргэнтэй, Баянзүрх. Иргэдийн дийлэнх олонхи амьжиргаа доогуур. Ядуурал, ажилгүйдэл газар авсан. Тарчигтаа тулсан энэ дүүрэгт юу байдаг гэж Засаг даргын төлөө ингэтлээ үхэлдэн тэмцэлдэж байгааг мэдэхгүй юм. Юутай ч 28 хорооны Засаг дарга нар нь улс төржиж гүйлддэг. Баянзүрхэд хэн байх вэ гэдгийг хорооны Засаг дарга нар нь базаад сууж байдгаараа алдаршчихаад байгаа энэ дүүрэг хог новшны жалга болсон гэдэг нь харин үнэн байх шүү.