Д.Амарбаясгалан: Хэнтийн сонгуульд өрсөлдөх хүмүүст У.Хүрэлсүх даргын нэр ч яригдаж байгаа
Энэ зуны улс төрийн гол сэдэв Хэнтийн гурван суманд явагдах нөхөн сонгууль болж таараад байна. Нөхөн сонгуульд зарим нам нэн эртнээс бэлдэж хэнийг сойхоо тодруулчихаад байгаа бол зарим нь хэн ирэх долоо хоногоос шийдэх гэж байгаа бололтой. Эрх баригч МАН-ын тухайд энэ сонгуульд оролцоно, оролцохдоо намын даргаа сойно гэсэн мэдээлэл гараад байгаа. Хэнтий нутгийн унаган хүү, гавьяат дуучин Г.Эрдэнэбатыг дэвшүүлж, МАХН-ын дарга Н.Энхбаярын аманд өгнө гэсэн яриа ч гараад амжсан. Тэгвэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан дараахь тайлбарыг өглөө.
Д.Амарбаясгалан: Тавдугаар сарын 1-нээс өмнө намын Бага хурал хуралдаж, Хэнтийн сонгуульд оролцох эсэхээ шийдсэн байх хуулийн хугацаатай. Үүний дараа тавдугаар сарын 28 гэхэд нэр дэвшигчээ тодруулах юм. Өнгөрсөн жил Хэнтийн сонгууль зарлагдахад нөхөн сонгуульд оролцоно гэсэн шийдвэрийг манай намын Бага хурлаас гаргаж байсан. Одоо Бага хурал хуралдана. Тэндээс МАН-ын бодлого ямар байгаа нь харагдах байх. Өнөөдрийн байдлаар дөрөв таван хүний нэр нам дээр яригдаж байгаа. Түүн дотор намын дарга У.Хүрэлсүхийн нэр ч багтаж байгаа. Аймгийн намын албан тушаалтнууд, нийгмийн зүтгэлтнүүдийн нэр ч яригдаж байна. Бид тандалт хийж үзсэн. Манай намыг дэмжинэ гэсэн сонгогчид олон байгаа юм билээ гэв.