УИХ-ын гишүүн Ц.Гарамжав яг юуны төлөө төрийн түшээ болсон вэ? Уг нь түмнийхээ төлөө зүтгэж, улсын хөгжлийг урагшлуулах гэж гишүүн болсон байх. Гэтэл түүний тухай гарах мэдээлэл, яригдах сэдэв нь Ц.Гарамжав гишүүн хувийн компаниа өргөжүүлэх гэж, Төрөөр хувийн компани тэтгүүлэх гэж төрд тухалсан мэт хардалтыг төрүүлэх болов.
Баримт: 1
Хөгжлийн банкны шалгалтын 200 хуудас материал ил болоход зарлагдсан нэг зүйл нь түүний гэр бүлийн оролцоотой компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Зээлийн үнэлгээний хороогоор ороогүй зээл авчихсан. Бас зээлээ хугацаандаа төлөхгүй сунгасан гэх зүйлийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа дэлгэж байв.
Баримт: 2
УИХ-ын гишүүн З.Нарантуяа компанийх нь талаар ярих төдийл эрхэм гишүүн Ц.Гарамжав сандарч тайлбар хийсэн. Үүгээр зогсохгүй тухайн компанийхан нь мэдээлэл болгож хэлсэн гишүүнийг дарамталж байгаа тухай АН-ын бүлгийн дарга мэдэгдэж байв.
Баримт:3
2016 оны 12 сарын 21-ний өдрийн засгийн газрын хуралдаанаар Гадаадын ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх тогтоол гарчээ. Уг тогтоолд 2 компани хамрагдсан. Нэг нь Монголын алт ХХК. Нөгөө нь Монцемент билдинг материалс ХХК юм. Хэдийгээр “Монцемент билдинг материалс” ХХК нь УИХ-ын Ц.Гарамжавын хөрөнгө орлогын мэдүүлэгт байхгүй ч түүний гэр бүлийхэн ажиллуулдаг. Иймээс нэгдмэл ашиг сонирхолтой аж ахуйн нэгж. Тэгэхээр МАН-ын нөлөө бүхий улс төрч, УИХ-ын байнгын хорооны дарга хүн засагт нөлөөлж компанийхаа талд шийдвэр гаргуулсан байж болзошгүй гэж олон нийт харж байна. 710 гадаадын ажилтанг хураамжаас чөлөөлж 4 тэрбум 89 сая 600 мянган төгрөгийг улсад орох сувгийг хааж, хувийн компанидаа үлдээх боломжийг нээгээд өгчихлөө.