Хэнтийн гурван суманд ялна гэсэн төлгө хэнийх нь шоонд буух вэ

Хэнтийн гурван суманд ялна гэсэн төлгө хэнийх нь шоонд буух вэ

Зургадугаар сарын 30-нд Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумдад УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт явагдана. Тавдугаар сарын 1 гэхэд намууд өрсөлдөх эсэхээ шийдэж, Сонгуулийн хороонд бүртгүүлэх хуулийн хугацаатай. Тиймээс яг одоо энэ гурван суманд очиж дэвшвэл ялах уу, яах бол гэж улс төрчид шоо хаяж суугаа ид үе таарч байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн урьдач их сунгаа болно гэж үзээд буй нөхөн сонгуулийг тойрсон зүс бүрийн таамгууд улам нэмэгдэж эхэллээ.   

Хотын даргад нэг ялж, нэг ялагдсан С.Мөнхчулуун бие даан 42 дугаар тойрогт нэр дэвшихээр шийдсэнээ зарлаадахсан. С.Мөнхчулууны энэ зараас хойш өмнө нь яригдаж байсан таамгууд өөр тийш эргэж, улстөрчдийн ашиг сонирхол чангараад явчих шиг болсон. Түүний өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтийд өрсөлдөхөө телевизээр ярьсан. Н.Энхбаярын хувьд ноднин зунаас хойш тун их бэлдэж, ганцаараа гараанаас гарчихсан давхиад л яваа. “Миний ээж Бүдханд Хэнтийнх шүү дээ. Тэгэхээр надад их ойр” гэж ирээд л санаархан суусан тэрбээр яг тулсан газар томоохон тохироо хийж аваад сугарч үлдэхийг ч үгүйсгэхгүй юм.  Ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойших арван жилийн хугацаанд нэр дэвшинэ гэдэг түүний цээжинд халуу шатаасан мөрөөдөл болж, унаж босож үзэлцсэн. Н.Энхбаяр дэвших гэдэг, зөрүүлээд хориг арга хэмжээнд ордог байв даа. Харин энэ удаа түүнд юу байна, дэвших эрх байна. Буруу л эргэчихгүй бол. Бас амнаасаа болчихгүй бол. Саяхан Н.Энхбаяр нэр дэвшинэ гэдгээ зарлачихаад араас нь улс төрийн элдэв юм ярьж удалгүй нийслэлийн прокурорт дуудагдаж, ээрэгдээд авна билээ. Дуугай л байж байхгүй.

Хоёр зуны турш улс төрийн халуун сэдэв болж дөнгөсөн нөхөн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрс дотор У.Хүрэлсүх бий юу гэх хүлээлт шахуу юм бас үүсчихээд байв. Гавьяат дуучин Г.Эрдэнэбатыг Хэнтийд нь үзүүлнэ, Засаг дарга Н.Ганбямбыг дэвшүүлнэ гэх мэтээс өгсүүлээд хэвлэлүүд ч МАН-ыг өдөж бичсээр байлаа. Н.Энхбаяр өрсөлдвөл У.Хүрэлсүх ялагдах нь тодорхой гэж айлган нэлээд ноцуулсны эцэст эрх баригч МАН-ынхан шийдвэрээ гаргаж, намын даргаа сойхоор болж буй бололтой. Генсек Д.Амарбаясгалан ч ам алдаж, намын даргын нэр яригдаж байгаа гээдхсэн.

Улс төрийн нэг ноймрын рейтингтэй яваа намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх юунд тэгтлээ итгэж дэвших бол гэхээс илүү ямар тохироог хийсэн бэ гэдэг нь сонин байж таарна. Тэр дэвшвэл бусад намаас сул өрсөлдөгчид, зөөлөн боорцгоо тавьж өгөх биз. “Замын цэвэрлэгээгээ” сайн хийж аваад, хөнгөхөн гараад ирэх бодолтой суугаа. 2020 оноос өмнө хамаг хүчээ барчихъя гэж бодохгүй нь лав.  

Өмнө нь 2000-2008 он хүртэл хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Дараа нь 2012 онд жил гаруй гишүүнээр суугаад “Эхнэр өвдсөн” гэдэг шалтгаанаар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, түүний оронд Д.Сарангэрэл УИХ-д орж ирж байлаа. Энэ удаа МАН УИХ-д нэг суудал нэмж авсан ч яалаа, байсан ч яалаа л даа, уг нь. Тэртэй тэрэнгүй 64 гишүүнтэй, үнэмлэхүй олонхи. У.Хүрэлсүхийн гуншин л нэмэгдэж, намын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Цэргийн удирдагч болж, давхарлах дээлээ нэмэх биз.  

Харин АН-д нэг суудал нэмэгдээд ороод ирвэл буцаад бүлэгтэй болчих боломж бий. Тэгээд ч намын дарга С.Эрдэнэ олон талын шахаанд тун хүнд байдалд орчихоод байгаа эгзэгтэй үе учраас энэ нөхөн сонгуульд байдаг хүчээ тавьж ялахгүй бол бараг хойдхоо зуруулах хэмжээнд тулчихсан суугаа. Ингэхээр У.Хүрэлсүхийн эсрэг Ц.Оюунбаатарыгаа зүтгүүлдгээрээ зүтгүүлэх үү, эсвэл бүр өөр улс төр өрнүүлэх үү гэдэг сонирхол татсан асуулт С.Эрдэнэ талынханд байна.  

Хоёр жил шахам төрд төлөөлөлгүй байсан 42 дугаар тойргийнхон ч эрх ашгаа нэхэж, элдэв үг дуугарсангүй. Нэр дэвшигчдийг ч зүсэлсэнгүй. Юутай ч улс даяараа Хэнтийн гурван сумын сонгуулийг шинжиж, 2020 оны зургаа гаргаж авах нь ээ.