УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийсэн. Тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийхдээ "2018 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ерөнхий дүгнэлтээ хийлээ. Нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3-хан хувьтай байна. Эрх баригч намын бүрэн эрхийн хугацаа дуусахад үндсэндээ жил хүрэхгүй хугацаа үлдлээ. 32.3-хан хувь гэдэг нь дэндүү хангалтгүй гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригч намын хийсэн гол ажил нь хоорондоо эрх мэдэл, сандал суудлын төлөө тэмцэлдлээ. Үүний цаана иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд орж хохирсон нь үнэн" гэлээ.
Мөн "Хаврын чуулганаар эдийн засгийн нөхцөл байдлыг голчлон ярих ёстой. Тиймээс эрх баригчдыг дуулиан, шуугиантай хэргүүдээ нэг тийш нь болгохыг шаардаж байна. Төрийн мөнгийг дээрэмдэж, банк дампууруулдаг, улсын үйлдвэрүүдээс завшдаг энэ үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна" гэв.
"Уул уурхайн чиглэлийн том том төслүүд бүгд зогссон. 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73 дугаар тогтоол гэж гарсан. Тавантолгойн нүүрсний ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх энэ тогтоолын хэрэгжилт, явцыг 2018 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр заасан ч хэрэгжсэнгүй. IPO хийгдээгүй, хувьцаа хаана ч зарагдаагүй.. Мөн өнөөдөр төмөр замын асуудал нь шийдэгдээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа эхлээд барь гэж тогтоолд тусгасан, дарааллын хувьд. Өнөөдөр нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа л экспортын орлогын өсөлтөөр Монгол Улс амьдарч байна" гэж шүүмжиллээ.
АН-ын зөвлөлөөр хэлэлцсэн нэг асуудал нь С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар Түр хороо байгуулсан тухай. Энэ талаар Д.Эрдэнэбат гишүүн ярихдаа "С.Зориг агсны хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ санаа зовоож буй нэг асуудал бий. Эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг замхруулах, будилуулах, завхруулах асуудлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ хэргийн захиалагчийг бид зайлшгүй олох шаардлагатай. Эрүүдэн шүүсэн гэдгээр бүх хэргийг замхруулах гэж байгаа бол АН-ын зөвлөл хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулж асуудлыг тавих болно. МАН-ын уламжлал болж ирсэн нэг тактик нь Эрдэнэтийг тойрсон, С.Зориг агсны хэргийг тойрсон асуудлаар дуулиан шуугиан үүсгэчхээд ардуур нь хулгайлдаг хэвшил нь уламжлал болж байна. Хуучин энэ дүр зураглал нь одоо ч гэсэн давтагдаж байна. С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарла гэж бид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос шаардсан" гэлээ.