Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр ажиллаж байх үед түүний Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр өчигдөр С.Зоригийн хэрэгтэй холбоотой нэгэн мэдэгдлийг хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж орхив. Ё.Батбаяр өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байгаа аж. Тэрээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад нь машинаараа хүргэж өгсөн гэж мэдэгдлээ.
Ингэж мэдэгдэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар ярьж, "...Тэр өдрөө Ерөнхийлөгч хаалттай чуулганыг зарласан. Ордонд байсан бүх сэтгүүлчийг ордноос гаргаж, утасны сүлжээ унагасан. Тэр хуралдаанаар ямар асуудал хөндөж ярьсныг би мэдэхгүй. Би "С.Зоригийн хэргийг хаасан байх" гэж таамагладаг..." гэжээ.
Мөн цааш нь ярихдаа "...2007 оны долдугаар сарын 11-нд Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж УБЗ 00-24 гэсэн улсын дугаартай машинтай явж байгаад авто осол гаргасан. Олон жил түүний жолоочоор ажиллаж байсан Баярсайхан амь үрэгдсэн. Хамгийн хачирхалтай нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн төрийн хамгаалалтыг гурав хоногийн өмнө буулгасан байсан юм. Байнга хамт явдаг байсан төрийн хамгаалалт нь буунгуут ийм осол болсонд би их гайхдаг. Ослын дараагаар Ц.Элбэгдоржийг нисдэг тэргээр Гэмтлийн эмнэлэгт авчирсан бөгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан гэж тэр үед хэвлэлээр бичиж байсан. АНУ, БНСУ руу явсан гэдэг ч, хэн ч мэддэггүй. Харин энэ үед Ц.Элбэгдорж ямар ч гэмтэл аваагүй бөгөөд АНУ-д байх Батсайхан, Оюунсүрэн гэх гэр бүлийн хоёр хүнийд очиж бүгсэн байдаг. "Энэ хэргийг намжтал танайд байя. Та хоёр харин миний тухай гарч байгаа мэдээллийн дор сэтгэгдэл бичиж намайг сайн хүн гэх мэтээр магт" гэсэн байдаг юм билээ.
Мөн миний эргэлзээг төрүүлээд байгаа нэг зүйл бол талийгаач жолооч Баярсайханы охиныг ослын дараа Ц.Элбэгдорж өөрийн нэр дээр өргөж аваад АНУ руу сургуульд явуулсан байдаг. Талийгаач жолоочийн хувьд НАХЯ-нд олон жил ажиллаж байгаад 1990 онд төрийн тусгай хамгаалалт руу шилжсэн хүн юм билээ. Ийм учраас С.Зоригийн хэргийн гол баримтуудыг мэддэг хүн байсан байж магадгүй гэсэн эргэлзээ надад байдаг" гэх мэтээр ярьсан юм.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр. Өдгөө АНУ-д ажиллаж амьдарч буй аж.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа ингэж бичжээ. "Ё.Батбаяр гэдэг хүний яриаг үзэв. Зоригийг хөнөөсөн хэргээр УИХ-д ярьж байгаагүй. Бас Америкт айлд толгой хоргодож явсан удаа надад үгүй. Хуулийг дээдлэх нь миний зарчим. Ийм хардлага гүжирдлэгийг яах ёстой вэ? Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэе гээд гүтгүүлээд л байх уу? гэжээ.
Юутай ч энэ гэнэтийн мэдэгдлээс харахад С.Зоригийн хэргийн эргэн тойронд хачин жигтэй явдлууд өрнөж мэдэхээр л байна.