ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН “ЦАГИЙН ЗӨРҮҮ” ФОРУМ

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН “ЦАГИЙН ЗӨРҮҮ” ФОРУМ

"Цагийн зөрүү” хэмээх өвөрмөц нэртэй залуусын форум Монголын хүүхдийн ордонд болов. Цагийн үнэ цэнэ, цагийн ялгаа, түүнээс үүдэлтэй хөгжлийн зөрүү байгаа эсэх талаар залуучууд үзэл бодлоо хуваалцлаа. 

Форумын хөтлөгчөөр МУСТА, дуучин Г.Батсүх, модератороор "Төр” мэдээллийн агентлагийн захирал Н.Амартүвшин, БСШУС-ын яамны хэвлэлийн төлөөлөгч Т.Сайханаа нар ажиллаж, аль болох үзэгч, оролцогчдын дуу хоолойг сонсоход түлхүү анхаарч байсан юм.

Алтай сумын уугуул, сэтгүүлч Б.Баяртогтох "Залуучууд хэрхэн нутаг орныхоо хөгжилд тус нэмэр болох вэ, өөрсдөө дэлхийн хүн болоход юуг анхаарах, өөрийгөө хөгжүүлэхэд, өөрийн алдаа дутагдлаа засахад, өөрөө өөрийгөө энэ нийгмийн нэгэн эд эс болгон авч явахад яах шаардлагатай байгаагаа сүүтэй цай тавиад хөгшид хуучилдаг шиг илэн далангүй энэ өдөр ярьсан юм” хэмээн цахим хуудаснаа бичсэн нь оролцогчдын халуун сэтгэгдлийн нэгэн жишээ. 

ХОТ, ХӨДӨӨГ ХОЛБОВ 

Хувь хүний болон нутаг орны хөгжлийн ялгаа яагаад үүсэв, хэн үүсгэв зэрэг асуултад хариулт ирсэн "Цагийн зөрүү” форумд Говь-Алтай аймгаас гаралтай 20 орчим шилдэг залуус илтгэл тавьж, оролцогчидтой үзэл бодлоо хуваалцсан юм.

Форумын эхний хэсэгт "Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн продюсер, шүүгчээрээ олны танил болсон МУИС-ийн багш, доктор Ч.Лодойравсал, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нар илтгэл тавьсан юм.

Хоёрдугаар хэсэгт "Оном сан”-гийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргал хүний хамгийн том баялаг бол эрүүл мэнд гэдгийг онцолсон бол ХААН банкны салбарын захирал, лектор М.Батбаяр хандлагаа өөрчилж, ялгаагаа яаж олж харахыг хэлж өгсөн юм. 

 

 

Форумын илтгэгчдэд Америк, Орос, Герман, Япон, Хятадад боловсрол эзэмшсэн залуучууд багтсанаас гадна орон нутгийн төлөөлөл, тухайлбал Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа лайваар Дарви сумаас холбогдсон нь оролцогчдод сонирхолтой байлаа. С.Болормаа дарга манай баг аймгийнхаа 18 сумыг тойрох зорилготой гарсан. Одоо 11 дэх сум дээрээ ирээд байна. Төр анх удаа залуучууддаа хөгжлийн үйлчилгээ үзүүлж аймгаа нар зөв тойрч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 2100 гаруй залууст хүрч үйлчиллээ гэсэн юм. Дашрамд дурдахад энэ форумын анхныхыг 2018 оны нэгдүгээр сард Алтай хотноо зохион байгуулж, нийслэлээс гурван машин залуучууд зорьж очсон түүхтэй.

ЯМАР МЕССЕЖ ХАЯВ? 

Даяаршил, цахим ертөнцийн нөлөөгөөр дэлхий хавтгай болж, хот хөдөөгийн ялгаа аажмаар арилж байгаа ч хувь хүний тухайлбал, баян хоосны, эрүүл болон эрүүл бус хүний, мэдлэг мэдээлэлтэй, эсвэл ажил, мэргэжилгүй хувь хүний ялгаа улам их болж байгааг залуус онцоллоо. 

Зочин илтгэгч Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ хүн бүхэн эргэн тойрондоо хайр түгээхийг уриалсан бол Монгол Улсын гарьд Н.Ганбаатар "Манай Алтайчууд яагаад нэгдэж чадахгүй байна вэ?” гэж асуусан нь олон хүнд нэгийг бодуулав.

Эртэч Монгол хөтөлбөрийг санаачлагч, лектор Н.Энхбаатар "Өөрчлөлтийг хүн өөрөөсөө эхэлнэ. Гоё яриад, гоё хувцас өмсөхөөс илүү дотоод мөн чанараа өнгөл. Хэн хэндээ чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй” гэснийг оролцогчид алга ташин дэмжсэн юм. 

 

Энэ мэтээр үг хэлсэн хүн бүхэн хувь хүний хөгжлөөс нутаг орон, улсын хөгжил эхтэй гэдгийг нэгэн дуугаар зөвшөөрч, цагийн назгайрлаас өдрийн зөрүү, өдрийн алдагдлаас жилийн зөрүү, жилийн хоцрогдлоос хөгжлийн зөрүү үүсэж буйг онцлов. 

ТЭД МАНДАТНЫ ХУРААМЖАА НЯРАЙН ТАСАГТ ХАНДИВЛАЛАА 

"Цагийн зөрүү” форумд оролцогчдын мандатны хураамжийг тус арга хэмжээг зохион байгуулагч "Ирээдүй-Алтай” холбооны зүгээс Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн нярай хүүхдийн хэсгийг тохижуулах хандивын аянд 100 хувь шилжүүлэхээ илэрхийллээ.

39000 орчим хүүхдийг эх барьсан, ахмад эмч С.Жаргахсайхан тайзнаа талархалын үг хэлж, тусламжийн эхний хэсгийг "Ирээдүй-Алтай” холбооны Гүйцэтгэх захирал Б.Азжаргалаас гардан авав. Холбооны зүгээс хандивын аяныг илүү өргөн хүрээнд өрнүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэдгээ ч хэлсэн.

Хүүхдийн яаралтай тусламжийн хэсэг нь 24 цагаар ажилладаг бөгөөд амь тэнссэн үеийн тусламж үзүүлж, хүүхдийг эрэмбэлэн шийдвэрлэх, тусгаарлах, хянах зэрэг үйл ажиллагааг явуулдаг боловч одоогоор энэ хоёр өрөө нь ямар ч тохижилтгүй байгаа ажээ. 

ЭКС ТЭРГҮҮНҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 

"Цагийн зөрүү” форумыг 16 жилийн түүхтэй "Ирээдүй-Алтай” холбоо зохион байгуулсан юм. Энэ үеэр тус холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн таван эрхэмд хүндэтгэл үзүүлсэн юм. Тус холбооны анхны тэргүүнээр УИХ-ын гишүүн асан, доктор Р.Цогтбаатар, удаах тэргүүнээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд агсан Ц.Дашдорж, одоогийн Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа нар ажиллаж байжээ. Энэ удаагийн арга хэмжээнд тус холбооны Тэргүүнээр ажиллаж ирсэн гурван эрхэм, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан таван залуу оролцсон байв.

Монголын Залуучуудын Холбооны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медалиар анхны тэргүүн Р.Цогтбаатарыг шагнаж, шагналыг Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь МЗХ-ны салбарын тэргүүн П.Оргил гардуулан баяр хүргэлээ.

 ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН, БҮТЭЭЛЧ ЗАЛУУС, АЗЫН БЭЛЭГ 

"Цагийн зөрүү” форум залуусыг уйдаахгүй олон хөтөлбөртэй байснаараа онцлог юм. Зочдыг гэрэлчин зурагчин Б.Болор-Эрдэнийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгээр угтаж, уран бүтээлчид ая дуугаа өргөсний зэрэгцээ бүтээлч залуусын сайн үйлсийг танилцуулж, алдаршууллаа.

Форумын үеэр танилцуулсан Алтай нутгийн бүтээлч залуусын дунд шинэ ургамлын зүйл нээж, аав Ванжилын нэрээр буюу "Ванжилын гичгэнэ” хэмээн нэрлэсэн судлаач В.Гүндэгмаа, ном хандивлах аяныг удаа дараа зохион байгуулсан сэтгүүлч Я.Одгэрэл, байгалийн гамшигт өртсөн Бугат сумын айл өрхүүдэд 7 сая төгрөгийн эд хогшил, мөнгөн тусламжийг цуглуулж, хүргүүлсэн А.Баясгалан, Баянзүрх хайрханыг ойжуулан нөхөн сэргээхээр ажиллаж буй Б.Базарваань зэрэг олон залуусыг багтаасан байлаа. 

Тэдний төлөөлөл төмөр барималч Б.Хаянхярваа тайзнаа гарч бүтээлүүдээ танилцуулсан. 2011 оноос төмрийн хаягдлаар уран бүтээл хийж эхэлсэн түүний найзууд Терминатор, Хүн чоно, Хар азарга, Янгир, Трейк чоффер, Анаконда могой зэрэг бүтээлийг урласан нь залуусын сонирхлыг татаж, дурсгалын зургаа татуулах "трэнд цэг” нь болов.

Төгсгөлд нь оролцогчдын дундаас азтан шалгаруулж, Алтай нутгийн бренд бүтээгдэхүүний дээж болон Бурхан буудай уулын гэрэл зургаар азыг нь мялаалаа.

 
 
 
 
 
ТӨР.мн