Гавьяат хуульч Л.Бямбаа хоёрдугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байхдаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Талийгаачийн амь насаа алдсан энэ хэрэгтэй холбогдуулан тус хорихын тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдаж, заримыг нь ажлаас нь чөлөөлсөн юм. Тодруулбал, тус ангийн дарга, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга, нэр бүхий ажилтнууд гээд таван хүнийг ажлаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн зүйл ангиар шалгаж байгаа аж.
Хуульч Л.Бямбааг Салхитын мөнгөний ордын асуудалд холбогдуулан хамжигчаар оролцсон байх магадлалтай гэж үзэн АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулж байх үед хөхөвчний мөрөвчөөр өөрийгөө боомилсон байдалтай олдсон юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд ажлын хэсэг гаргасан. Энэ хэргийн талаар албан ёсны мэдээлэл өгнө гэж сэтгүүлчдэд ярьж байсан ч одоо болтол чимээгүй хэвээр л байна.