Д.Пүрэвдорж “Ocean Partners”-ийн тухай ноцтой мэдээлэл хийж, Х.Бадамсүрэн захирал мэдээгүй гэж "нууцлав"
Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Шадар сайд Ө.Энхтүвшин "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудыг хажуудаа суулгаж байгаад Ш.Батхүүгийн тавьсан 40 сая ам.долларын өрийг Эрсдлийн сангаас гаргаж төллөө, одоо ямар ч өргүй боллоо гэсэн мэдэгдлийг улс орон даяар хийсэн билээ. Үүний дараа "Эрдэнэт" үйлдвэрт үүссэн энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Эрдэнэт" үйлдвэр, Стандарт банкны өртэй холбоотой асуудлаар ноцтой мэдээллийг өчигдөр орой хийлээ.
Тэрбээр: “Эрдэнэт үйлдвэр дээр оросуудын ихээр хэрэглэдэг луйврын схемээр ашигласан байж магадгүй. Учир нь оросууд бизнес хийхдээ схем зурдаг. Өөрөөр хэлбэл, хоёр хувийн компани хоорондоо бизнес хийхдээ гуравдагч төрийн өмчийн компанийг оролцуулдаг. Үүний үр дүнд хувийн компаниуд ашигтай ажиллаж, төрийн компани золиос болдог. Энэ луйврын арга Эрдэнэт дээр хэрэгжсэн байж магадгүй.
40 сая ам.долларын зээлийг төлөхөд “Ocean Partners” гэх компани оролцсон. Энэхүү компани 1998 оноос хойш Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. Нийт 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг Эрдэнэтээс авч борлуулжээ. Мөн Жастын Ш.Батхүүг Стандарт банкнаас зээл авахад хамтран оролцсон. Зээлийг төлөхөд ч хамтран оролцлоо. Тэгэхээр тус компани 40 сая ам.долларын зээлийг өгч Стандарт банкийг нэр төдий ашигласан байж болзошгүй гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл Стандарт банкийг нэр төдий ашиглаад Ш.Батхүүд зээл өгсөн. “Жаст”-ын Ш.Батхүү, “Ocean Partners” хоёр бизнес хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийг оролцуулан луйврын схемээ зохиож, төрийн өмчит үйлдвэрийг луйвардсан байж магадгүй” гэсэн юм.
Харин өнөөдөр “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн "Үүсээд байгаа эрсдэлийг бодолцож, гадаад өрийг хаах шийдвэр гаргасан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Сая өр төлсний дараа ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ. Ажлын хэсэг ажиллаж байна. Бид буруутай этгээдийг хууль, шүүхийн байгууллага тогтоосны дараа яригдана" гэлээ. Тэрбээр “Ocean Partners Ш.Батхүүтэй холбоотой байсныг би мэдээгүй гэж хэвлэлээр мэдэгдээд байна.