Халиунаа шахалдаж чихэлдэн байж арай ядан автобусанд ороод цүнхээ онгойлготол түрийвч нь байхгүй байлаа. 500 төгрөгтэй байсан түрийвчээр яах гэсэн юм болдоо. Ядарсан оюутны түрийвчэнд юу л байв гэждээ гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн бодож зогстол кондуктор
– Алив билетээ үзүүл эсвэл мөнгөө гэж шаардан хэлэв. Халиунаа нулимсаа барьж ядан
– Эгчээ би түрийвчээ алдчихлаа
– Та нарын худлаа үгэнд хэн итгэдэг юм. Битгий өрөвдөлтэй царайлаад бай. Дараагийн буудал дээр бууна шүү гэж хаалгаруу түлхэв.
Автобусны билет, оюутны үнэмлэх хоёулаа байхгүй шүү. Би яасан арчаагүй амьтан бэ . Аав ээжийгээ зовоож ханахгүй юм даа гэж өөрийгөө зэмлэн бодно. Автобус хүлээж байгаа хүн шиг сандал дээр хэсэг суусан боловч нулимс нь бөмбөрөн унаад тогтож өгөхгүй улам л бухимдана. Босч нааш цааш баахан холхиод, ингэлээ гээд би мөнгөтэй болох биш дээ гэж бодон гэрлүүгээ алхахаар шийдлээ. Өвлийн хүйтэн оройн жавартай нийлэн хацар амыг хайрч хөлийг нь жиндүүлнэ. Хаа байсан баянхошуу хүртэл хотын төвөөс яаж алхана даа гэж санаа зовсонгүй. Аав ээждээ түрийвчээ алдсан гэдгээ яаж хэлнэ дээ гэж айж байлаа. Энэ үед түүнийг хэн нэгэн анзаарч харан өрөвдөж түүнд туслахыг хүсч байгааг яаж мэдэх билээ.
Тэнгис автобуснаас хөөгдөх шахам уйлан бууж ирсэн охинд юу тохиолдсоныг мэдэхийг хүснэ. Найзуудаа хүлээнгээ цонхоор гадуур явж байгаа хүмүүсийг ажиглахад яарсан, даарсан, бухимдсан, уурласан хүмүүс олон боловч тэр охин шиг өрөвдөлтэй хүн байхгүй гэж хэлж болмоор. Торомгор алаг нудэндээ нулимс цийлэгнүүлэн ийш тийш харах нь хэн нэгнээс тусламж хүссэн мэт. Нэг тийш очихоор алхаж эхлэхэд Тэнгис яаран тооцоогоо хийгээд гарч ирэв. Урт хар үс нь намиран алхах охин бодолдоо бүдэрч унан алхана.
– Уучлаарай гэж мөрөн дээр нь зөөлхөн цохитол цочин “ээжээ” гэж чанга хашгирав. Нулимс цийлэгнэсэн нүдээрээ юу болсныг асуун харахад түүний шаналсан царай хичнээн үзэсгэлэнтэй болохыг анзаарав.
– Юу л даа. Би чамд ямар нэгэн тусламж хэрэгтэй байх гэж бодлоо.
– Надад уу, би уг нь ….. гэж түгдрэн хэлтэл
– Чамд ямар нэгэн юм тохиолдсоныг би мэдсээн. Тэгээд л би чамд туслахыг хүссэн юм. Намайг Тэнгис гэдэг гээд гараа сарвайв.
– Халиунаа гэж ичингүйрэн зөөлхөн дуугарлаа.
Тэнгис Халиунааг хүргэж өгөхөөр болж тэд машинд сууцгаав. Халиунаа танихгүй хүнээр гэртээ хүргүүлэх гээд явж байгаадаа өөрийгөө гайхсан ч итгэж болохоор санагдсан учраас л тэр. Тэд өөрсдийнхөө тухай ярилцаж илүү дотно танилцлаа. Халиунаа бол жирийн л нэг айлын жирийн л нэг оюутан охин. Эрэгтэй эмэгтэи хоёр дүүтэй. Аав ээж нь гурван хүүхдээ боловсролтой хүн болгоно гэж зүтгэж яваа жирийн л эцэг эх. Тэдэнд бусдаас ялгарах илүү гарах зүйл байхгүй ч халуун хоолоо шнрээ тойрон амтархан иддэг аз жаргалтай , эвтэй найртай сайхан гэр бүл. Харин Тэнгис өөрийнхөө тухай нэг их зүйл ярьсангүй. Гадаадад сургуулиа төгсөж ирээд ажиллаж байгаа бололтой. Нэгэн том компаны өв залгамжлагч төдийгүй аав нь УИХ-ын гишүүн юмуу эсвэл сайд ч юмуу нэг л том төрийн хүн байх гэж Халиунаа таамаглав. Тийм том хүний хүүхэд байж ядарсан нэгэнд тусалж байдаг хүн чанар сайтай хүмүүс байна даа. Баячуудыг нх зантай хямсгар хүмүүс гэж боддог байсан үгүй юмаа гэж өөрийнхөө хэмжээнд Тэнгисийг тодорхойлов. Царайлаг биш ч нүдэнд дулаахан сайхан бие хаатай залууг Халиунаа сэм сэмхэн харж бишрэн суулаа. Гэрийнх нь гадаа ирээд энэ мөнгөөр абтовусны билет , оюутны үнэмлэхээ аваарай гээд 20000 төгрөг гаргаж өгөхөд Халиунаа сандран
– Намайг хүргэж өгсөн тань л надад том тус. Харин би таны ачийг хариулж чадна гэж хэлж чадахгүй ээ. Уучлаарай бас баярлалаа гээд машинаас буух гэтэл
– Би хүнд туславал чадлынхаа хирээр бүх зүйлд нь туслахыг хичээдэг. Чи намайг гомдоож байна шүү.
Халиунаад хэлэх үг олдсонгүй. Гайхаж жаахан хараад
– Тэгвэл танд би заавал буцааж өгнөө. Удаж л магадгүй байх. Та утсаа өгчих. Халиунаа нэрийн хуудсыг нь аваад дахин баярласнаа хэлж инээмсэглэн машинаас буув.
Хамаг бие нь чичирч салганан хэрэг хийсэн хүн шиг хацар нь улайв. Гэртээ ороод ээждээ хоол хийхэд туслалцаж , хоол болох хооронд 2 дуугийнхээ гэрийн даалгаврыг шалгаж мэдэхгүй ойлгоогүй хичээлийг нь зааж өгч давтуулав. Урьд нь энэ бүхэн яршигтай санагддаг байсан бол өнөөдөр огтхон ч түвэггүй байлаа. Ээж нь охиндоо ямар нэгэн сайхан зүйл тохиолдсоныг үйл хөдлөлөөр нь гадарлаж өөртөө тохиолдсон шиг баярлана. Охиноо ямар нэгэн юманд санаа зовсон, санааширсан бухимдсан байхыг харах түүнд үнэхээр хэцүү байдаг билээ. Тэнгис харих замдаа гэрлүүгээ пицца захиалж, гэртээ ороод усанд орж пиццагаа идээд л унтахаар хэвтэв. Яагаад ч юм Халиунаа гэх өрөвдэлтэй охины тухай бодогдоод болсонгүй. Өрөвдсөндөө ч тэр юмуу эсвэл тусалсандаа баярлаад ч юмуу түүний тухай бодсоор байгаад л унтлаа.
Халиунаа ер бусын эрч хүчтэй болж ямар нэг ажлыг уурлаж бухимдахгүй хийж, үргэлж инээмсэглэж явна. Хэзээ ч бүтэхгүй хайрын тухай мөрөөдөн алхаж яваа ч үүндээ огтхон ч санаа зоволгүй аз жаргалаар бялхаж байлаа. Тэнгисийн тухай цаг хором бүрд бодож түүнтэй хамт байгаагаар төсөөлөн бодож, зүүдэндээ хүртэл хамт байсаар.
Тэнгис найзуудтайгаа пиво ууж орой юу хийж цагийг өнгөрөөх тухай ярилцан сууцгаана. Цонхоор хартал Халиунаа автобус хүлээн зогсоно. Бараг сарын өмнө түүнийг харахад ямар гунигтай байлаа, гэтэл өнөөдөр огт өөр хүн зогсож байх шиг л харагдана. Тэр инээж байхдаа хичнээн үзэсгэлэнтэй юм бэ гэж өөрийн эрхгүй шүүрс алдав. Гэвч найзуудтайгаа хамт байсан болохоор уулзаж чадсангүй. Тэнгисийн утсанд танихгүй дугаараас “ Таны мөнгийг өгөх гэсэн юм. Дэндүү удаачихлаа, уучлаарай. Хаана яаж өгөх вэ ” гэсэн мсж ирсэн байлаа. Нөгөө л өрөвдэлтэй тэгээд бас өхөөрдөм хөөрхөн охины тухай бодол тэнгисийн санаанд орж ирэв.
Халиунаа түүнийг ажлынх нь гадаа ирээд хүлээж байлаа. Уулзахаар тохирсон цагаас 20 минутын өмнө ирсэн болохоор түүний тухай тайван гэгч нь бодсоор зогсов. Цорын ганц уулзах , юм ярих, ойрхоноос харах боломж гэж бодохоор гунигтай санагдавч уулзах боломж байгаад юу юунаас илүү баярлана.
– Сайн уу Халиунаа гэх дуунаар өөрийн мэдэлгүй цочив. Сандарч түгдчин
– Сайн та сайн уу. Би уг нь хурдхан өгөхийг бодсон юм л даа. Даанч болсонгүй гээд цүнхээ ухав. Нандигнан хадгалсан 20000 төгрөг шоколад 2 гаргаж ирээд Тэнгисрүү сарвайв.
– Би шоколадыг нь авья. Чи наад мөнгөө хадгалж бай, дараа авья болох уу гэж асуухад
– Яагаад надад хадгалуулж байгаан бэ гэж гайхан асуув.
– Чи их итгэлтэй хүн учраас. Би одоо ажилгүй байна надтай хамт тэшүүрээр гулгах уу (чаддаггүй гэвэл яана гэж айн айн асуусан байлаа)
– Би хамт явж болох юмуу би гулгах маш их дуртай. Хааяа орчуулга хийгээд гайгүй мөнгө олбол гулгадаг юм.
– Чи их мундаг юмаа. Өөрийнхөө хүчээр мөнгө олдог.
– Та хэний хүчээр мөнгө олдог юм бэ
– За явцгаая.
Халиунаа Тэнгистэй хамт тэшүүрээр гулгаж байгаадаа итгэж чадахгүй байлаа. Мөрөөдөл биелнэ гэж үнэхээр байдаг гэжүү гэж бодон аз жаргалтай инээмсэглэнэ . Тэдний хамгийн анхны болзоо энгийн гэхдээ маш их хөгжилтэй сонирхолтой байлаа. Гулгаж дуусаад хүргээд өгье машинд суучих гэхэд
– Зүгээр дээ, манайх их хол ш дээ. Би автобусны билеттэй юм чинь автобусаар л явчихна гээд хөгжилтэй инээмсэглэнэ. Халиунааг харахад л хайр хүрмээр, бүх зүйл нь энгийн , даруухан өхөөрдөм тэгээд юу ч мэдэхгүй гэнэн. Тэр бусад охидоос огт өөр. Хүсэл сонирхол, үзэл бодол, юманд хандах хандлага, зан ааш. Тэнгис түүнийг нууцхан хайрлаж байгаагаа мэдрэвч хайрлаж чадна гэдэгтээ итгэлгүй байна. Чимээгүй ширтсээр байгаад түүнийг ичээсэн бололтой
– Би явлаа шүү гээд гүйлээ. Эргэж хараад өнөөдөр танд маш их баярлалаа. Дараа би таныг тоглуулнаа гээд цааш гүйв.
Халиунаагийн сэтгэл догдлон хөөрч ингэж уулзаад байвал надад улам л хэцүү болох болов уу гэж бодно. Утсанд нь мсж ирж гарган үзтэл
– Хоёулаа дахиад уулзана биздээ ,гэсэн байв. Халиунаа айх гайхах зэрэгцэн яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байлаа.
– Тантай уулзаад байхаар би танд сайн болчихож магадгүй
– Би харин чамд сайн болчихсон
– Тоглоом хийх хэрэггүй ээ
– Би тоглоогүй үнэн шүү
Тэнгис Халиунаагийн хичээлийг хамт давтаж, номын санд хамт сууж, сургуулийн цайны газар хамт хооллож, бурханы цэцэрлэгээр зугаалж, зайсан дээрээс хотоо харан хамт цагийг өнгөрөөнө. Өвөл нь цасан дээр тоглож цана чаргаар гулгана, харин зун явган аялал хийж, янз бүрийн ургамал жимс түүнэ. Хэний ч санаанд оромгүй бас сонирхол татамгүй зүйлүүдийг хийдэг ч Тэнгист уйтгартай бас төвөгтэй санагддаггүй байлаа. Өдөр бүхэн шинэ юм мэдэж авсаар тэд хамтдаа хоёр жилийг өнгөрөөсөн байна. Тэдэнд муудалцах өдөр байвч төд удалгүй бие биенээсээ уучлалт гуйн эвлэрнэ. Хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаа их биш ч тэд салж хагацаж чадхааргүй бие биендээ уусан дассан байлаа.
Халиунаа Тэнгисийн ажлын ойролцоо түүнийг хүлээн ном уншина. Тэнгис ч ажлаа хурдан дуусгах гэж байдаг хүчээ шавхан ажиллана. Тэд хамтдаа хоолонд орж дараа нь кино үзээд Халиунааг хүргэж өгөхөөр явав. Яагаад ч юм тэдэнд ярих юм нэг л олдож өгөхгүй байв. Гэрийнхээ нь гадаа очоод хэсэг суугаад Халиунаа гэртээ орохоор машинаас буув. Тэнгисмашинаасаа буун Халиунааг араас нь тэвэрч авав. Хэсэг чимээгүй тэврээд
– Маргааш би чамайг хамгийн анх танилцсан газраа хүлээж байя. Чамд хэлэх юм байгаа гээд түүний уруул дээр үнсэв. Түүнийгээ удаан гэгч нь үнсээд чангаас чанга тэврээд маргааш уулзья гэж шивнэв.
– Надад ч гэсэн хэлэх юм байгаа гэж инээмсэглээд Би чамд хайртай гэж шивнэв.
– Би ч гэсэн чамдаа хайртай.
Тэнгис энэ өдрийг их удаан хүлээсэн билээ. Цаг нь болоогүй юм шиг санагдаад өнөөдрийг хүрсэн. Түүнд өгөхөөр авсан бөгжөө гаргаж үзээд гэрлэх санал тавихад яаж хүлээж авах бол гэж бодон догдлоно бас айдас төрнө. Халиунаа надад юу хэлэх гэсэн юм болдоо гэж бодсоор олигтой ч унтаж чадсангүй.
Маргааш нь болзсон газраа яаран ирж анх яаж танилцсан тухайгаа бодон хэсэг суулаа. Халиунаа яг л цагтаа эсвэл бур хэдэн минутын өмнө ирчихсэн хүлээж байдаг болохоор ирээгүй байгаад жаахан санаа зовнино. Ирэхгүй 1 цаг , 2 цаг , 3 цаг хоцорч утас нь ч холбогдохгүй байсаар. Тэнгис түүнийг автобусны буудал дээр өглөөний 5 цаг хүртэл хүлээсэн боловч ирсэнгүй.
Арван жилийн дараа
Халиунаа ажилд орохоор анкет бөглөсөн газраас нь дуудсан болохоор яаран гэрээсээ гарлаа. Хурлын танхимд ярилцлаганд орохоор өөрийнхөө нэр дуудахыг хүлээн сууна. Айдсаа даран өөрийгөө тайвшруулахыг оролдон сууж байтал нэрийг нь дуудлаа. Ярилцлага ч амжилттай болж өөрийнхөө хүссэн ажилд орсондоо хөөрч баярлан дэгдэж гүйсээр гадагш гарлаа.
Тэнгис цахилгаан шатнаас гараад гүйх шахам яваад өнгөрөх охиныг хартал Халиунаатай их адилхан харагдав. Түүнийг дагаж гаран хартал үнэхээр Халиунаа байлаа. Хамт байсан цаг хором бүхэн өчигдөр юм шиг л нүдний нь өмнүүр жирэлзэнэ. Намирсан урт үс сэргэлэн цовоо нүд, өхөөрдөм хөөрхөн инээмсэглэл бугд яг хэвээрээ. Түүнийг дуудах гэтэл
– Ээж нь ажилдаа орохоор болчихлоо. Чи баяртай байгаа биздээ. Ээж нь очоод амттай хоол хийж өгнөө гээд цааш гүйн одов.
Тэнгисийн арван жил шаналсан зүрх дахин хэдэн хэсэг хуваагдах шиг л санагдана. Юу ч болоогүй юм шиг инээмсэглэн гүйж яваад нь гомдох сэтгэл төрөвч аз жргалтай л амьдарч байгаан байна даа гэж жаахан тайвширна. Түүний хэлэх гэсэн үг нь салах гэдэг үг байсан гэжүү гэж өөрийгөө зовоодог асуултаа тавьж эхлэв.
Тэнгисийн туслах орж ирэн
– Шинээр ажилд орсон хүмүүсийг танилцуулахад бэлэн болчихлоо. Таныг хүлээж байна
– Би одоо очлоо.
Түүний царайг нь ч болов харна гэхээс өөрийн эрхгүй баярлан догдолж байлаа. Дахиад түүнийгээ тэвэрч , үнсэж чадахгүй ч гэсэн өдөр бүр харах хувьтай байх гэж бодсоор хурлын танхимд оров. Ажилд орохоор болсондоо ч тэр юмуу эсвэл ямар нэгэн гэнэтийн зүйлтэй учрахаа мэдээд ч тэр юмуу Халиунаа унтаж ч чадаагүй билээ. Компанийн ерөнхий захирал нь ямархуу хүн байгаа болдоо, настай хөгшин хүн болов уу гэж бодсоор суутал Тэнгис ороод ирэв. Халиунаагийн зурх зогсчих шиг л болов. Ганцхан удаа ч болов холоос харахсан гэж арван жилийн турш хүсэж мөрөөдсөн. Харин одоо өдөр бүхэн харсан ч болно гэжүү гэж бодон баярлав. Гэвч яагаад болзсон газраа очоогүй болохоо, яагаад гэнэт усанд хаясан чулуу шиг алга болсноо юу гэж тайлбарлах билээ гэж бодохоос айдас төрнө. Түүний халуун гараас атгаж , түүний зөөлхөн уруулыг үнсэж , түүний цээжинд наалдан тэврүүлэхсэн гэх биелэгдэхгүй мөрөөдлүүд Халиунааг амраахгүй зовооно.
Хүсэж мөрөөдсөн ажлаа, хүсэж мөрөөддөг хүнээ харан хийхэд эрч хүч урам зоригоор дүүрэн байх аж. Би түүний төлөө ажиллаж байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй хичээнгүй ажиллана. Хэдий нэг газар ажиллаж байгаа ч гэсэн тааралдахгүй өдөр тохиолдоно. Түүнтэй тааралдсан өдөр бүх ажил бүтэмжтэй , сэтгэл санаа өөдрөг сайхан өдөр болно. Тэд ховорхон бие биенийхээ царайг хардаг болохоор ярилцан мэнд мэдэх ч боломж олдохгүй. Ерөнхий захирал жирийн ажилтан хоёрын хооронд ажлын шугамаар ч гэсэн ярилцах боломж гардаггүй байлаа. Ажилчдын ярианаас сонсоход удахгүй хуримаа хийх гэж байгаа болохоор завгүй байгаа бололтой. Энэ тухай сонсоход Халиунаад гунигтай санагдавч түүнийг харамлах эрх байхгүйд хувь тавиландаа гомдон ажлаа л чимээгүй хийнэ.
Хүйтэн салхитай ширүүн бороо цутган асгарсан орой Халиунаа ажлаасаа нилээд оройхон тараад такси барихаар зогстол нэг ч машин зогсдоггүй. Хэдхэн минут зогстол хамаг хувцас нь шалба норов. Буцаад ажилруугаа ороод такси дуудах гээд байдаггүй яахаа мэдэхгүй зогсож байтал Тэнгис ажлаа дууссан бололтой гарч ирэв. Халиунаа ичсэндээ жаахан нуугдасхийн буруу харан зогстол
– Бүх хувцас чинь норчихжээ. Ханиад хүрчихнэ гээд гараас нь хөтлөн ажилчдын хувцас солих өрөөруу алхав. Ороод хүлээж бай гээд агуулахаас авсан бололтой шинэ хувцаснууд авчирч өгөөд сольчихоод гараад ирээрэй гэв. Яг түүнд таарсан хувцаснууд авчирсан нь гайхалтай сайхан зохих аж. Нойтон хувцсаа торонд хийгээд дахин такси дуудах гэж оролдсоор үүдрүү гартал Тэнгис хүлээгээд зогсож байлаа.
– Одоо такси олдохгүй , би хүргээд өгье . Халиунаа чимээгүй л дагаж гаран машинд суув. Тэнгис
– Чи сайн биздээ чамайг ядаж ингээд харж байгаа нь надад сайхан байна.
– Би сайн байгаа. Надад ч гэсэн сайхан байна гэж аяархан хэлэв. Хоёулаа хэсэг чимээгүй суугаад Тэнгис
– Чамд надад хэлэх юм байхгүй юмуу
– Өнгөрснийг одоо ярих хэрэг байнуу
– Би мэдмээр байна. Би өөрийгөө мэдэх эрхтэй хүн гэж бодож байна .
– Тэр тухай ярихад дэндүү их цаг орно. Тэгээд ч чи над шиг хуурамч хүнээс салж өөр сайхан хайртай учирсандаа баярлах хэрэгтэй.
– Хайр гэнэ шүү. Хэдэн өдөр сар хамаагүй. Би бүхнийг мэдмээр байна гэж Тэнгис хашгирав.
– Би ганцхан шөнийн дотор бүх аз жаргал, хүсэл мөрөөдөл, хайр сэтгэлээ мөнгөөр худалдсан хүн. Тэнгис гэнэт ээжийнхээ утсаар “чи хайр гэж яриад байгаа үлгэрээ хурдхан дуусга эсвэл би бүгдийг зохицуулах болно шүү” гэж хэлснийг санав.
Надад өөр сонголт байгаагүй ээ. Чи миний ямар амьдралтайг мэднэ ш дээ. Аав ээж хоёр минь миний сургалтын төлбөрийг яаж төлдөг байлаа. Тэгээд ч УИХ-ын гишүүний хүү жирийн нэг ядуу айлын охин хоёрын дунд гэр бүл байтугай хайр сэтгэлийн холбоо байж таарахгүйг би ээжийг тань хараад л ойлгосон. Хоёр өөр ертөнцөд төрж өссөн хүмүүс яаж нэг орчинд амьдрах билээ дээ. Харин ч ээжийн тань сайхан сэтгэлийн ачаар аав ээж хоёр маань сайхан ажилтай, сайхан байртай дүү нар маань сайн сургуульд сэтгэл амар суралцаж сайхан амьдарсаар өдийг хүрсэн. Би америкт суралцаж дэлхийн хэмжээний боловсролтой болсон. Өөр юу хүсэх билээ үүнээс илүү. Насан туршдаа та бүхэнд талархаж амьдрах болно.
– Чи надад яагаад хэлээгүй юм бэ чамайг , танай гэр бүлийнхнийг ийм зүйл хийх хүмүүс биш гэдгийг би сайн мэдэж байна. Та нарыг юу гэж сүрдүүлсэн юм бэ
– Тийм юм байхгүй ээ. Энэ сонголт хамгийн зөв байсан гэдэгт би итгэж байгаа.
– Би чамайг хамгаалж чадсангүй. Чиний төлөө юу ч хийж чадсангүй. Чи надад ямар ч боломж өгсөнгүй.
– Харин ч чи миний төлөө бүхнийг хийсэн. Одоо чи бүхнийг шинээр эхлээд аз жаргалтай амьдраарай. Би чамайг хайрласандаа , хайрлаж байгаадаа , хайрласаар байсан ч үргэлж аз жаргалтай байх болно. Энэ насны минь аз жаргал энэ амьдралын минь утга учир чи л байх болно. Яагаад гэдгийг чи хэзээ нэгэн цагт ойлгох байх. Халиунаа машинаас үсрэн бууж хар хурдаараа гүйлээ. Хэзээ нэгэн цагт бүхнийг мэдэх байсан ч арай л эрт мэдчихлээ гэж өөрийгөө зэмлэн уйлна. Би яах ёстой байсан юм. Би өнөөдрийг хүртэл тэвчлээ. Би бүх зүйлээс татгалзаж өнөөдрийг хүртэл амьдарлаа одоо болоо юм бишүү гэж хэн нэгэнд гомдсон сэтгэлээр хашгиран уйлна. Би яагаад хайрлаж дурлаж болдоггүй юм бэ. Ядуу төрсөн нь ямар буруутай юм бэ гэж хашгирна. Арван жилийн турш сэтгэлдээ тээж ирсэн гомдлоо бүгдийг нь гаргаж хаях гэсэн шиг чанга чанга хашгиран уйллаа. Тэнгис түүнийг тэврэн авч нулимсыг нь арчаад
– Одоо чи юунаас ч татгалзах хэрэггүй. Өөрийнхөө хүссэнээр амьдар би чамайг хамгаалах болно гээд түүний уруул дээр зөөлөн үнслээ. Халиунаа маргаашийн тухай , хэдэн хормын дараахын тухай, ер нь юу ч бодохгүйгээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ганцхан удаа биелүүлэхээр шийдэв. Түүнийхээ халуун энгэрт тэврүүлэн зөөлхөн уруулыг амтлан үнсэж бүх л хүсэл сэтгэлээ түүний мэдэлд өгөөд ганцхан хормыг ч болов аз жаргалтай өнгөрөөе гэж хүсэв.
Хорвоогийн нэгэн өдөр эхэлж нар хүртэл гунигтайяа мандаж байх шиг санагдана. Халиунаа сэмхэн босч хувцаслаад бөх гэгч нь нойрсож буй түүнийгээ өхөөрдөн дахин нэг удаа үнсэхийг хүсэвч сэрчих байх гэж айгаад чадсангүй. Чийг үнэртсэн гудамжаар ганцаар бодолд дарагдан алхахдаа аз жаргалтай байгаагаа мэдэрнэ. Миний хүссэн бүхэн биелж байж дээ. Хайр минь бүтэхгүй ч ганцхан удаа уулзахсан, үнсэхсэн, үерхэхсэн гэж бодсоор бүгд биелсэн. Ганцхан удаа түүнтэй хамт байхсан гэж бодсон ч бас л хүслээр минь болсон. Би ганц удаа гэж бодоод байгаа болохоор хүслээр минь болоод байгаа юм болов уу гэж бодоод гэнэт зогсон нүдээ аниад
– Насан туршдаа түүнтэйгээ хамт байх боломжийг олгож өгөөч гэж чин сэтгэлээсээ хэн нэгнээс (эсвэл Бурханаас) гуйлаа.
Гэртээ ирээд ойр зуурын хэрэгцээтэй зүйлс хувцасаа бэлдээд , ажлаасаа гарах өргөдөл бичин илгээмжээр явуулав. Хүүгийнхээ сургуулиас бичиг баримтыг нь авч билетээ захиалаад явах бүх бэлтгэлээ хийлээ. Аав ээжтэйгээ явах хүртлээ хамт байж хүүдээ Улаанбаатар хотыг танилцуулж хоёулаа ханатлаа гадуур зугаалав. Энэ удаа түүний хүсэл арай өөр байс