Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, тэнд ажиллаж байсан дөрвөн алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийхдээ “2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгөөр осол болсон газарт засвар үйлчилгээ хийсэн. Энэ ажил чанаргүй хийгдэж, хаалт задарснаас хий алдагдаж, хүний амь нас эрсэдсэн" гэдгийг хэлсэн юм. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан иргэдийн ар гэрт хоёр өрөө байр, 36 сарын цалингийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг байгуулагдаж, талийгаачдын ар гэрт мөнгөн туслалцаа үзүүлэх, үр хүүхдүүдэд нь ерөнхий боловсролын сургууль төгсөх хүртэл хугацаанд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээр хангах асуудал ч яригдаж байсан.
Дээрх ослын улмаас есөн иргэн метаны хийнд хордож эмчилгээ хийлгэж байгаа юм.