ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Эхний ээлжинд эх мал үндсэн сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Эхний ээлжинд эх мал үндсэн сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ

Малын гарал үүслийг тодорхойлох, чанар сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, үржил селекцийн ажил үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулахын гол үндэс суурь нь малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх асуудал юм.

Тиймээс мал аж ахуйн салбарын 2017-2020 он хүртэлх хөгжлийн бодлого, стратегийн зорилтод “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулж үйл ажиллагааг нь тогтворжуулах, мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүртгэлийн системээр хянах, баталгаажуулах тогтолцоонд шилжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ ажлын хүрээнд малын бүртгэл, үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл, малын удам зүйн үнэлгээний бүртгэл, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл хийж байна.

 Монголын Улсын засгийн газраас 2019 оныг  Эх оронч худалдан авалтыг дэмжих жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Монголын улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар өнөөдөр Тэргүүн сүрэг трейд ХХК-ийн  малын ээмэгний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

  Тэргүүн Сүрэг” ХХК нь 2013 онд байгууллагдаж, БНСУ-ын үйлдвэрлэгчийн технологийн дагуу малын ээмгийг дотооддоо үйлдвэрлэж байна.  Тус үйлдвэр  жилдээ  Монголын мал аж ахуйн салбарт малын үүлдэр угсааг сайжруулах, малын аюулт өвчнөөс сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, малчдад хэрэглээний олон талаар хувь нэмрээ оруулах зорилгоор олон улсын стандартад нийцсэн ээмэг үйлдвэрлэж байна.

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад зайлшгүй гарал үүслийн баталгаажуулалт шаардлагатай. Энэ баталгаажуулалт ээмэгээр дамжин хийгдэнэ. Тус үйлдвэрийн ээмэгний чанар хэрэгцээ шаардлага хангах боломж өндөр гэж бид үзэж байна. Цаашдаа “Малын генетик нөөцийн тухай хууль”, “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийн хүрээнд нийт мал сүргийг бүртгэлжүүлэх, түүний хөдөлгөөнийг зайлшгүй хянах учиртай. Нөгөө талаас зах зээлд баталгаатай хүнс, түүхий эд нийлүүлэхийн тулд ээмгээр дамжуулан баталгаажуулалт хийнэ. Цаашдаа бид энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бодлогоор, төрийн захиалгаар авч мал сүргээ бүртгэлжүүлэх ажлыг хийх юм. Энэ чиглэлээр ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар үндэсний үйлдвэртэй нягт холбоотой ажиллана.  Эхний ээлжид эх мал үндсэн сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ” гэдгийг онцлов.