Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлах малын ээмэгний анхны үйлдвэртэй танилцав.
“Тэргүүн сүрэг трейд” компанийн энэ үйлдвэр 2013 оноос ХБНГУ-ын технологиор, БНСУ-ын түүхий эд, тоног төхөөрөмж ашиглан малын ээмэг үйлдвэрлэж байна.
Жилд малын 10 сая ширхэг ээмэг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 12 цагт 6000 ширхэг ээмэг үйлдвэрлэдэг, цаашид хүчин чадлаа нэг дахин нэмэхээр төлөвлөсөн тухайгаа үйлдвэрийн дарга Д.Түвшинтулга Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууллаа.
Үйлдвэр бог малын нэг ээмгийг 1200, бодынхыг 1100 төгрөгөөр малчдад нийлүүлж байна. Одоогоор хоёр сая ширхэг ээмэгний нөөцтэй бөгөөд ямар нэг зээл авалгүй өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж иржээ.
Ажлын байр бий болгон, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ ханган, улмаар экспортод гаргахыг зорьж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.
Салбарын яам үйлдвэрийг бодлогоор дэмжиж ээмэгний захиалга өгнө гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ. Холбогдох хуулиудаас гадна “Монгол мал” хөтөлбөрт “Малын бүртгэл, мэдээллийн сан, сүлжээ бий болгох, мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, гарал үүсэл, эрүүл мэндийг тодорхойлох, бүртгэх, мэдээлэх, хянан тогтолцоо бий болгоно” гэж заасан. Үүнийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ёстой гэж тэрээр үзэж байна.
Малыг ээмэгжүүлснээр:
- Мал бүр дахин давтагдашгүй хувийн дугаартай болох
- Малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарыг сайжруулах
- Малын удмын санг хамгаалан, үржил селекцийн ажлыг бүрэн хийх
- Малын хулгайтай тэмцэх
- Малчид дэмжлэг, урамшуулалд хамрагдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх, барьцаат зээл авахдаа малын бүртгэлийг үндэслэх
- Малын тоо толгойд хяналт тавьж, тоон үзүүлэлт, статистик мэдээ үнэн зөв гарах
- Малын вакцинжуулалт, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих
- Хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.