С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хянах Түр хороо байгууллаа

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хянах Түр хороо байгууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 88.6 хувийн саналаар дэмжиж, баталлаа.

Уг Түр хорооны бүрэлдэхүүнд Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав  нарын долоон гишүүн багтаж байна. Түр хороо нь ял эдлэгсдийг эрүүдэн шүүсэн асуудлаас гадна С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүхээр шийдэхдээ хууль зөрчсөн эсэхийг судлах юм. Улмаар Түр хорооны гаргасан дүгнэлтээс хэргийг дахин хянан хэлэлцэх үү гэдэг асуудал шалтгаалах юм. Чуулганы үеэр гишүүд дараахь байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард олон хэрэг замхрах тал руугаа явж байна шүү. Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзүүлсний ард “Жаст”-ын Ш.Батхүүг сулласан асуудал байгаа. “Эрдэнэт”-ээс 40 сая ам.доллар Стандарт банкинд төлөх асуудалд зуучилсан “Ocean partners” компанийн асуудал ч яригдаж байгаа. Түр хорооны гишүүд энэ бүгдийг ул сууриар нь нягталж үзэх ёстой.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Энэ түр хороонд ямар нэг зүйлийг мартагдуулах асуудал байхгүй. Эрүүдсэн шүүсэн асуудал 2013 оноос эхэлсэн. 2016 оны УИХ-ын сонгууль явагдахад шийдвэрлэсэн байсан. Намайг сайд болоход асуудал дууссан байсан. Эрүүдэн шүүсэн асуудал надтай холбогдолгүй асуудал шүү. Би танай намын даргад дэлгэрэнгүй бичиг явуулсан шүү. Энэ Түр хороо зөвхөн эрүүдэн шүүсэн асуудлыг судлах юм.  УИХ-ын гишүүд "би хардаж байна" гэж их ярьдаг. Би амьдралдаа энэ чуулганы индэр дээр "хардлаа" гэж ярьдаггүй. УИХ-ын гишүүн жирийн иргэн биш. Баримттай ярьдаг хүн, би гэлээ.