-Шүүгч С.Батгэрэл тэднийг суллаж болзошгүй нь-
Авлигатай тэмцэх газрын дэд, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдаар томилогдохоор болсон хошууч генерал Б.Хурцыг цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулж, улмаар 15 хоног цагдан хориод буй. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй үйлдэлд хошууч генералыг холбогдуулан МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа.
Түүнтэй хамтарсан байж болзошгүй үндэслэлээр нэг бус хүнийг ажлын хэсгийнхэн хорьсон сурагтай. Эх сурвалжуудын мэдээлснээр тагнуулын ажилтан Мөнхгал, Баяраа гэх хоёр хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан гэнэ. Гэхдээ цагдаа, прокурорынхон үүнийг ихэд нууцалж байна. Тэднийг үргэлжлүүлэн хорих хангалттай үндэслэл байгаа хэмээн прокурорын байгууллагаас саналаа шүүхэд хүргүүлсэн ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл прокурорын саналыг үл ойшоож, улмаар суллах гэж буй тухай мэдээлэл байна.
Олон нийтийн сүлжээнд энэ талаар бичсэнээр бол шүүгч С.Батгэрэл нь “хонгил”-ынхны сүүлчийн хамгаалалт болсон хүн гэжээ. Учир нь тэрээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад хүсэлтээрээ чөлөөлөгдсөн Ц.Зоригтой ойр хүн гэнэ.
Түүнийг Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхад, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болоход нь буюу 2006-2013 оны гуравдугаар сар болтол С.Батгэрэл туслахаар нь ажиллаж байсан гэнэ. Түүний дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжсэн юм байна. Тиймээс “хонгил”-ынхны төлөөлөл болж анхан шатны шүүхэд тэднийгээ хамгаалж үлдсэн хүн гэж фэйсбүүкт нэгэн хүн үзэл бодлоо илэрхийлсэн байв.
Дашрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг тун удахгүй суллахаар болж буй ч “хонгил”-ынхны сүүлчийн хамгаалалт болсон, анхан шатны шүүхэд ажиллаж буй цөөнгүй шүүгч саад учруулж болзошгүй гэх мэдээлэл ч бий.