Бага насны охид алга болж байгаа хэргүүд ойр ойрхон гарах боллоо. Сэлэнгэ аймагт есөн настай Б.Ундармаа охин ор сураггүй болсноос хойш 22 хонолоо. Эрэн хайх ажил одоо ч үргэлжилж байгааг албаныхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар нутгийн иргэд болон цагдаагийн алба хаагчид нийлсэн 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр охиныг эрэн хайж байгаа аж. Сэлэнгэ аймгийн Жавхлант сум нь засмал зам дагуу, олны хөлийн газар учраас охиныг хулгайлаад авч явсан байх гэсэн таамаг л нийгэмд хөвж байна. Барин тавин ярьж, цахим сүлжээгээр “гуагчиж” байтал бараг сар өнгөрчихлөө. Эхнээсээ горь тасарч эхэлж байх шиг. Энэ хорь гаруй хоногт Хүүхдийн төлөө байгууллага охид алга болж байгаа хэргийн эсрэг ганц үг дуугарсангүй. Харамсалтай юм шүү. Хүүхдийн эрх зөрчигдөж, бүр бага насны охид алга болж байгаа хэргүүд гараад байхад хүүхдийн төлөө гэсэн тодотголтой байгууллага нь сэжим ч үгүй байна гэдэг харамсалтай. Ер нь хэзээнээсээ хүүхдийн төлөө байгууллага, хүний эрхийн байгууллагууд дүлий хандлагаар ажиллаж ирсэн.
Тухайн өдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний оройн 18:00 цагийн үед гуравдугаар ангийн сурагч Б.Ундармаа гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байж. Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа түүнийг тоглож байхыг нь хамгийн сүүлд харсан байдаг. Охиныг алга болсон гэх мэдээллийн мөрөөр сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалгад эрлийн ажиллагааг явуулсан байгаа юм. Гэвч олоогүй. Сүүлд нь хүч нэмэгдүүлэн хайсан ч үр дүнд хүрсэнгүй. Иймд охиныг харсан, үзсэн хүн байвал 7036101 утсанд мэдээлэл өгөөрэй гэдгийг цагдаагийнхан хэлж байна.
Одоогоос хоёр жил гаруйн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Х.Сэржмядаг охин ор сураггүй алга болсон хэрэг гарсан. 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн өглөө 07:30 өнгөрөөгөөд Д.Сэржмядагийн аав ээж, эгч, дүү дөрөв нь гэрээсээ гарч, охин ганцаараа унтаад хоцорсон байдаг. Охиноос хамгийн сүүлд 12:20 цагийн үед дуудлага ирсэн ч ээжийнх нь утасны цэнэг дуусаад ярьж чадаагүй. Тэр өдрийн 16:30 цагийн орчимд түүний эгч Д.Ариунзаяа ээж рүүгээ ярьж “Ээжээ дүү алга болчихсон байна. Сургууль дээрээ очоогүй гэнэ. Гэртээ алга байна” гэж хэлж. Ингэж гэрийнхэн нь цагдаад мэдэгдсэн байдаг. Х.Сэржмядаг охиныг эрэн хайх ажлыг улс даяар зохион байгуулж байсан. Газар дээр нь очсон эх сурвалжийн хэлснээр бол цагдаагийн байгууллага охин алга боллоо гэдэг мэдээллийн мөрөөр мэргэжлийн ур чадваргүй ажилласан, сум даяараа охиныг хайж байгаа нь энэ гээд мэргэжлийн, мэргэжлийн бус хүмүүс, том бага гэлтгүй бүгд хуйлран давхилдаж хэргийн ул мөрийг балласан байдал ажиглагдсан гэдэг. Улмаар нийгмийн сүлжээн дэх баталгаагүй мэдээллүүд нь эргээд охиныг хулгайлсан гэмт этгээдүүдэд боломж олгосон байх магадлал ажиглагдсан гэдгийг хэлж байсан. Х.Сэржмядаг охиныг хил давуулан авч явсан биз гэсэн таамгаас өөр зүйл үлдээгүй.
Энэ мэтчилэн орон нутагт бага насны охид алга болсон хэд хэдэн тохиолдол гараад байна. Цөөхөн монголчууд бид бага насны охид, хүүхдүүдээ учир шалтгаангүй алдсаар байх уу гэдэг асуулт ямартаа ч туллаа. Тиймээс Хүүхдийн төлөө байгууллагууд нь ядаж дуугарч, урьдчилан сэргийлэх, олон нийтийг сонор сэрэмжтэй байлгах тал дээр хүчтэй ажилладаг баймаар байна. Нийгмээрээ анхааръя гэдгийг уриалж байна.